Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн дундын бүс “0” цэгээс ачаатай 61 тээврийн хэрэгсэл, импортын 38 шинэ автомашиныг татан авчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гадаад харилцааны яам

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас танилцууллаа.

Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 16-17-нд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг хоёр үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцсан байна.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг жигдрүүлэх хүрээнд Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч болох бөгөөд талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгджээ.

Энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг гурван хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хятадын тал энэ сарын 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, тухайн өдөр ачаатай 61 машин, импортын 38 шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэсэн.

Улмаар манай талаас энэ сарын 21-ний өдрийн 08:00-15:10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2,786 тонн ачаа буюу

  • барилгын материал 26 машин (1,276 тн),
  • гэр ахуйн бараа 4 машин (80 тн),
  • хүнс 2 машин (47 тн),
  • бэхжүүлэгч 1 машин (67 тн),
  • бодис 2 машин (111 тн),
  • тоног төхөөрөмж 2 машин (69 тн),
  • төрөл бүрийн бараа 24 машин (965 тн) ачсан тээврийн хэрэгсэл болон
  • импортын 38 шинэ автомашин, механизм автобус, суудлын машин, ачааны машин, экскаваторыг татан авах ажлыг зохион байгуулсан байна.

Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр Хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгожээ.

Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг Хятадын талаас зохион байгуулсан аж.

Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас өнөөдөр буюу 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгджээ.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам