Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сүрьеэгийн далд халдвартай 1,350 хүн байгаа гэж тооцоолсноос энэ онд ердөө 177-г эмчилгээнд хамруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх тухай өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 онд цар тахлын хүнд байдалтай байсан ч ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны алба 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт давтагдсан тоогоор 66 удаагийн дэмжлэгт хяналтыг хийж, зөвлөгөө өгч ирсэн.

Сүрьеэ өвчин бол нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин. Сүрьеэгийн далд халдвар гэдэг нь сүрьеэгийн нянгаар халдвар авсан ч тухайн хүнийхээ биед зовуурь өгөхгүй байгаа хэлбэрийг хэлнэ.

Манай улс энэ оноос нийт гурван горимоор сүрьеэг эмчлэх боломжтой болсон. 

2021 онд нийт 1,350 далд халдвар байгаа гэх тооцооллыг бид гаргасан ч өнөөдрийн байдлаар хангалтгүй түвшинд буюу 177 далд халдварын тохиолдлыг л оношилж, эмчилгээнд хамруулаад байна. Тиймээс далд халдварыг эрт илрүүлэх нь чухал байгаа юм.

"Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байв"

ДЭМБ-аас сүрьеэгийн далд халдвар авсан хүмүүсийн 5-10 хувь нь эхний таван жилд сүрьеэгээр өвчлөх боломжтой гэх тооцооллыг гаргадаг.

Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн Сүрьеэгийн үндэсний дархлалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол гаргасан байдаг.

Иргэд дүүрэг, сум, аймгийнхаа Сүрьеэгийн нэгжүүдэд арьсны туберкулины сорилыг үнэгүй тавиулах боломжтой.

Хавдрын эсрэг дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа болон гемодиализийн эмчилгээ хийлгэж буй, эд эрхтний хагалгаанд орсон зэрэг хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр буюу далд сүрьеэгийн халдвартай байх эрсдэлтэй.

Мөн уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн өрхийн хавьтал, ойрын хавьтлууд орж байгаа.

Сүрьеэгийн дэгдэлтэд өртсөн эсвэл ХДХВ-ийн халдвартай хүмүүс дархлал нь дарагдсан гэдэг утгаараа далд халдвартай байх магадлал өндөр.

Иргэд өөрийнхөө хүсэлтээр арьсны туберкулины сорилыг тавиулаад далд халдварын эмчилгээнд явж болно.

2022 оноос эхлэн бид далд халдварыг илрүүлэхийн тулд IGRA шинжилгээг хийнэ. Ингэснээр илүү богино хугацаанд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх боломжтой болж байгаа. Тиймээс ирэх оноос дараа дараагийн дэвшилтэд ажлууд хийгдэнэ” гэлээ.

"2022 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх тал дээр тусгайлсан төлөвлөгөө гаргасан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Коронавируст халдварын үед эрүүл мэндийн салбар нийт орныхоо 50 хувийг COVID-19 халдварт өртсөн хүмүүст зориулсан. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд доголдол гарсан. Гэхдээ бид үлдсэн 50 хувьдаа тусламж үйлчилгээг хүргэж ажилласан.

Коронавируст халдварын цар тахалтай холбогдуулж бид цаашид бусад халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж, дасан зохицож ажиллах талаар төлөвлөгөө гаргаж байна.

Тухайлбал, бид 2022 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг яаж үзүүлэх тал дээр тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn