Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс АНУ-ын цэргийг таван жилийн хугацаанд байрлуулахад $9.33 тэрбумыг төлөхөөр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд АНУ-ын цэргийн баазыг газар нутаг дээрээ байрлуулах зардалд 1.06 их наяд иенийг ($9.33 тэрбум) төлөхөөр Вашингтоны засаг захиргаатай тохиролцсоноо Япон улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Энэ нь жил бүр 211 тэрбум иен төлнө гэсэн үг юм. 2022 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд дээрх зардал 201.7 тэрбум иен байжээ.

Одоогоор Япон улс дахь баазуудад АНУ-ын нийт 54,000 цэрэг байрладаг.

“Япон улсыг тойрсон аюулгүй байдлын орчин хүндэрч байгаа энэ үед бид АНУ-ын засаг захиргаатай тус улсын зэвсэгт хүчнийг тогтмол байрлуулж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр мэдэгджээ.

АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Япон улсын засгийн газартай тохиролцоонд хүрснийг бас мэдээлсэн байна.

Америк-Японы холбоотны түншлэл олон жилийн түүхтэй. Сүүлийн үед хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Номхон далайн бүс нутагт Хятад улсын нөлөөг хязгаарлах зорилготой Дөрвийн бүлэгт Австрали, Энэтхэг улсуудын хамт нэгдээд байгаа.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп 1951 онд хоёр улсын хооронд байгуулсан батлан хамгаалахад харилцан туслалцах гэрээг шударга бус гэж үзээд Японы талын төлөх мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байсан юм.

Гэрээ ёсоор Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Япон улсыг гаднын халдлагаас хамгаалах үүргийг АНУ хүлээж, хариуд нь АНУ-ын Ази тив дэх хүч нөлөөг хадгалах зориулалтаар Япон улс цэргийн баазуудаа ашиглуулах үүрэг хүлээх байжээ.

 

Эх сурвалж: Reuters