Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Израил улс 60-аас дээш насны иргэдээ вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өндөр хурдтай тархдаг Омикрон хувилбарын вирусээс хамгаалахын тулд 60-aас дээш насны иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа вакцины дөрөв дэх тунд хамруулахаар болсныг Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр зарлажээ.

“Израил улсын иргэд дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдаж байсан бол одоо бид дөрөв дэх тун дээр ч анхдагч болж байна” гэж хэлсэн Беннет шаардлага хангаж буй иргэдэд идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.

Цар тахлын экспертүүдийн хорооны гаргасан дүгнэлтийн дагуу дөрөв дэх тунд иргэдийг хамруулах шийдвэр гаргаснаа тэр бас хэлжээ.

Өндөр настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас гадна дархлаа султай иргэд гурав дахь тунгаас хойш доод тал нь дөрвөн сарын дараа дөрөв дэх тунд хамрагдаж болохыг Израилийн эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Израил улсад Даваа гарагт Омикрон хувилбараар халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай албаныхан өчигдөр мэдээлсэн юм. 60 гаруй настай уг өвчтөн нь хэд хэдэн төрлийн архаг хууч өвчтэй хүн байсан бөгөөд нас барсан шалтгаан нь коронавирусээс шууд хамааралгүй гэж дүгнэжээ.

Мягмар гарагийн байдлаар тус улсад Омикрон хувилбарын 340 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногоос эхлэн Израил улс АНУ, Герман, Итали, Турк, Канад улсуудаас ирэх зорчигчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press