Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ганц долоо хоногийн дотор АНУ-д шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 73 хувиас Омикрон хувилбар илэрдэг болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдлуудын 73 хувь нь Омикрон хувилбараар өвчилснийг тус улсын холбооны засаг захиргаанаас Даваа гарагт мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл анх удаа халдварын шинэ тохиолдлуудын дийлэнх хэсэг нь вирусийн Дельта биш, Омикрон хувилбараар халдварласан байна.

Бас нэг санаа зовоох баримт нь ганцхан долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нийт шинэ тохиолдолд эзлэх хувь хэмжээ зургаа дахин нэмэгджээ.

АНУ-ын зарим бүс нутгуудад Омикрон хувилбарын тархалт улсынхаа дунджаас үлэмж хэмжээгээр илүү байна. Тухайлбал Нью-Йорк орчим, зүүн өмнөд, дундад өрнөд, баруун хойд бүс нутагт халдварын шинэ тохиолдлуудын 90 орчим хувиас Омикрон хувилбар илэрчээ.

Энэ оны зургаадугаар сарын сүүлээс АНУ-д коронавирусийн Дельта хувилбар давамгайлах болсон юм. Ердөө арваннэгдүгээр сарын сүүлээр халдварын шинэ тохиолдлуудын 99.5 хувьд Дельта хувилбар илэрч байжээ.

Арваннэгдүгээр сарын сүүлээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрч байсан Омикрон хувилбар өнөөдөр дэлхийн 90 орчим улсад тархаад байна.

“Бид бүгдээрээ хэзээ нэг цагт Омикрон хувилбарын вирустэй нүүр тулгарах нь гарцаагүй. Хэрвээ та нийгэмтэй харилцдаг л бол Омикронтой тулгарах болно. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх нь шинэ хувилбартай тулгарах хамгийн сайн зам юм” гэж Жон Хопкинсийн Эрүүлийг Хамгаалах Төвийн ахлах судлаач, доктор Амеш Адалжа ярьжээ.

Одоогоор Омикрон хувилбар бусад хувилбаруудаасаа илүү хурдтай тархдаг нь тодорхой болоод байна. Харин вакцинаар үүссэн дархлаанд яаж нөлөөлөх, өвчнийг хүндрүүлдэг эсэх нь бүрэн тодорхой болоогүй байгаа.

Ямартай ч Pfizer, Moderna зэрэг вакцинуудын нэмэлт тун Омикрон хувилбарын хүндрэлээс хангалттай хэмжээнд сэргийлж чадна гэсэн судалгааны эхний үр дүн гараад байна.

 

Эх сурвалж: The Guardian