Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: 16 нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 21
www.ikon.mn
Зураг зураг
mpa.mn

Цахим шилжилтийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан.

Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэл ямар төрлийн мэдээлэл багтах вэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар цаасаар авдаг байсан үйлчилгээг зогсоож байна.

Харин Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах цэгийг тодорхой болгох, төхөөрөмж байрлуулах журам гаргаж, түүнийгээ мөрдөх зэрэг асуудлыг хуульчилсан.

Өмнө нь хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулиар мэдээлэл цуглуул, ашиглаж, боловсруулж байгаа бол мэдээлэл хариуцагч болж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг болсон. Сэтгүүлч болон иргэдийн зүгээс нууц гэдэг тамга дараад аливаа мэдээллийг нийтэд хаалттай байлгаж байна гэдэг гомдол гаргадаг байсан. Харин энэ хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна.

Цахим гарын үсгийн тухай хуулиар И Монголиа систем дээр төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох том шийдэл болж чадсан. Өмнө нь цахим гарын үсгийг ашиглаж байсан ч ердөө 30 гаруй мянган иргэн энэ үйлчилгээг хэрэглэдэг байсан. Энэ бол хангалтгүй тоо. Харин одоо 16  нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө.

Энэ хууль зөв хэрэгжээд биелэлээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэрээсээ, гар утаснаас төрийн 600 гаруй үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч ашиглах боломж бүрдэж байгаа.

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монголд анх удаа батлагдаж байгаа хууль. Энэ хууль батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Мөн цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг мөн баталсан. Энэ хуулиар үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон.

Монгол Улс виртуал хөрөнгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ тодорхой шаардлагатай болгож байгаа" гэлээ.