Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон дахь элчин сайдын яаманд нь “халдлага” гарч, дипломат ажилтан бэртсэнд Беларусь улс эсэргүүцэл илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Лондон хот дахь Беларусийн элчин сайдын яамны байр руу хэсэг хүмүүс довтолж, дипломат ажилтнуудын биед халдсаны улмаас нэг нь ноцтой бэртсэн тухай Минскийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал нэг дипломатчийн хамар, шүд хугарч, тархи нь хөдөлсөн тул эмнэлгийн яаралтай тусламж авсныг Беларусийн гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Мөн элчин сайдын яамны барилгын нүүрэн хэсгийг эвдэж сүйтгэсэн тухай мэдээлсэн юм.

Тус улсын засгийн газар өчигдөр Минск хот дахь Их Британийн элчин сайдад албан ёсны эсэргүүцэл илэрхийлж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаарджээ.

Халдлагыг “Надзея” нэртэй радикал бүлэглэлийн гишүүд үйлдсэн гэж үзэж байгаагаа Беларусийн тал илэрхийлсэн байна. Уг бүлэглэл нь Беларусийн сөрөг хүчний улс төрчдийг дэмждэг бөгөөд Ням гарагийн орой Лондон дахь элчин сайдын яамны үүдэнд бага хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.

1994 оноос хойш Беларусь улсыг тасралтгүй удирдаж байгаа ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн оны наймдугаар сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Өнгөрсөн хугацаанд Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн олон мянган иргэнийг баривчилж, чөлөөт хэвлэл, сөрөг хүчний дуу хоолойг нухчин дараад байгаа. Өрнөдийн орнууд Лукашенко болон түүнийг тойрон хүрээлэгсдийг эдийн засгийн хоригоор шийтгэсэн юм. Үүний хариуд Беларусийн эрх баригчид Ойрх Дорнодын дүрвэгчдийг өөрийн нутгаар дамжуулан Европын Холбооны газар нутагт нэвтрүүлэх ажиллагаа зохион байгуулсан хэмээн буруутгагдаад байна.

 

Эх сурвалж: AFP