Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ зарим баяр наадмаа цуцлахыг хүмүүст уриаллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн Омикрон хувилбарын халдвар тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр наадмаасаа татгалзахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүмүүст уриалжээ.

“Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн байна.

Омикрон хувилбар Дельта хувилбараас онцгой илүү хурдтай тархдаг нь баталгаатай болсныг тэр бас анхааруулжээ.

Зул сар, шинэ жилийн баярын олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлэхээс дэлхий нийтээр болгоомжилж байна.

Франц, Герман улсууд хорио цээрийн дэглэмээ чангаруулж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн бол Нидерланд улс энэ долоо хоногоос эхлэн хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден одоогоор улс орноо хөл хорионы дэглэмд шилжүүлэх төлөвлөгөөгүй байгааг Цагаан ордон өчигдөр мэдэгдсэн байна.

Тус улсын халдварт өвчин судлалын топ мэргэжилтэн Энтони Фаучи өмнө нь Зул сарын баярын шилжилт хөдөлгөөн Омикрон хувилбарын тархалтыг огцом нэмэгдүүлэх магадлалтайг анхааруулж байв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон шаардлагатай тохиолдолд авч хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө засгийн газарт нь байгаа ч ойрын үед ямар нэг алхам хийх төлөвлөгөөгүй байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна.

Харин Лондон хотын Трафалгарын талбайд жил бүр зохион байгуулагддаг шинэ жилийн баярыг энэ жил “нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс” цуцалж байгааг тус хотын захирагч Садик Хан мэдэгджээ.

“Бид бүгд цар тахлын улмаас зовж байгаа. Бид бүгд гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлахыг хүсэж байгаа. Бид бүгд хэвийн амьдралдаа шилжихийг хүсэж байгаа. Үүнд хүрэх хамгийн хурдан арга бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэцүү шийдвэр гаргах юм. Тухайлбал баяр наадмын зарим арга хэмжээгээ цуцлах. Одоо баярлаад дараа нь харамссанаас одоо цуцлаад дараа нь баярласан нь хавьгүй дээр” гэж ДЭМБ-ын тэргүүн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Ирэх оны дундуур дэлхийн бүх улс орнуудын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал цар тахал 2022 онд дуусах боломжтой гэж төсөөлж байгаагаа тэр бас хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC