Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Хамгийн олон ажлын байр бий болгодог 74 салбарт зөвшөөрөл шаардахгүй болж байгаа нь маш том дэмжлэг  

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 74 төрлийн үйл ажиллагааг ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр явуулах боломжийг нээж байгаагаа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. 

Уг шийдвэрийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин байр сууриал илэрхийлжээ.

Тэрбээр "Бид хоёр жилийн туршид туйлын амаргүй нөхцөл байдалд ажиллацгаалаа. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас харахад ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс учруулдаг хяналт шалгалтын дарамт шахалт маш хүнд байна. Үүнийг хэрхэн цөөлөх вэ гэсэн асуудал байнга хөндөгдөж ирсэн. Танхимаас хамгийн сүүлд явуулсан Хүнд суртлын индекс судалгааны дүнд нийт төрийн зүгээс 940 гаруй зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар аж ахуйн нэгжүүд авдаг юм байна. Үүн дотор хугацааг нь сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалтууд нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог гэдэг зүйл маш олон удаа яригдаж байсан.

Нийслэлийн Засаг даргын өнөөдрийн мэдэгдэл бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд маш чухал юм. Тэр дундаа хүнд суртлын индексийг хот, хөдөөгөөр ялгаж авч үзвэл хотод илүү өндөр байдаг. Зөвшөөрөлтэй холбоотой гардаг цаг хугацаа илүү өндөр байдаг юм байна. Эхний ээлжид 74 салбарт зөвшөөрөл шаардахгүй болж байгаа нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг гэж харж байна. Бид Шинэ сэргэлтийн бодлогын талаар ярьж байгаа.

Шинэ сэргэлтийн бодлогын эцсийн дүнд эдийн засгийн огцом сэргэлт, ажлын байр, бидний хүсээд байгаа эдийн засгийн зорилтот түвшинд хүрэхэд зөвшөөрөл маш том саад болдог. Эдгээр 74 салбарыг аваад үзвэл хамгийн олон ажлын байр бий болгодог, тэр дундаа оюутан, залуучуудыг хамгийн ихээр ажлын байраар хангадаг салбарууд байна.

Өрсөлдөөн өөрөө хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэр илүү сайн үйлчилгээ санал болгосон нь зах зээлд тогтдог. Хэрэглэгч өөрөө худалдан авч буй зүйлдээ хариуцлагатай ханддаг шинэ соёлд бид суралцах шаардлагатай болж байна гэж харж байна. Цаашид Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ. Нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой л биш бол зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагагүй энэ зарчим рүү шилжих нь зүйтэй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад дасан зохицож амьдарцгаая.

Чухал шийдвэр гаргасан Нийслэлийн удирдлагуудад нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье" гэлээ.