Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Монголхүү: Монгол Улсын ардчилал өнөөдөр сошиал платформ дээр дөнгөн данган тогтож байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

NoDoubleStandart хөдөлгөөнөөс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн талаар иргэдийн нээлттэй сонсгол хийх санаачилгыг гаргажээ. 

Үүнд УИХ-ын нийт 37 гишүүн гарын үсэг зурснаар баталгаажиж, нээлттэй сонсголыг энэ оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хийхээр товложээ. Ингэхдээ ажиглагч тав, оролцогч тав байхаар тогтоосныг тус хөдөлгөөнөөс эсэргүүцэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. 

NoDoubleStandart хөдөлгөөний төлөөлөл "Энэ нь нээлттэй сонсгол мөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй боллоо. Нийт оролцогчийн тоог 10 гэж заасан. Тав нь ажиглагч байх юм. Энэ нь иргэдийн оролцоог хангаагүй гэж үзэн нээлттэй сонсголыг хойшлуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн. 

Ганцхан өдөр 76 гишүүний уран ярихыг сонсохыг бид хүсээгүй. Иргэдэд үг, үзэл бодлоо илэрхийлэхэд, жагсаал цуглаан хийхэд ямар асуудал тулгарч байна вэ, өнөөдрийг хүртэл хэдэн иргэн үүнээс болж хохирсон бэ зэрэг асуудлыг ярилцахыг хүссэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 30-н гэж өдрийг зааж, дүр үзүүлэн хүний эрх ярихыг оролдож байгааг эсэргүүцэж байгаа" гэлээ.

Түүнчлэн тус хөдөлгөөний зохион байгуулагчдын нэг Д.Монголхүү "Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтдаа авчихвал бусад бүх эрхийг гартаа авчхаж болдог. Монгол Улсын ардчилал өнөөдөр сошиал платформ дээр дөнгөн данган тогтож байна. Хүний эрхийн асуудлыг хэдэн цаг, ганц өдөр яриад өнгөрөх асуудал биш.

Жагсаал цуглаан хийх тухай хууль нь бүхэлдээ өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй учир дутагдалтай хууль байгаа. Жишээлбэл, жагсаж буй иргэдийн шаардлагыг авсан хүн эргээд хариу өгөх, жагсаж цуглаж буй иргэдийн эрхийг хамгаалах процедурыг зохицуулалт байхгүй. Иймд бид жагсаал цуглааны тухай хуулийг байхгүй болгож, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нэршлээр хуулийн бүтэн концепц оруулна. Ингэхэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй" гэлээ.