Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр “шоудаж” буйг харуулсан гэрэл зураг сонинд нийтлэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“The Guardian” сонин Ням гарагт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны ажилтнуудтайгаа өргөөнийхөө арын цэцэрлэгт дарс ууж буйг харуулсан гэрэл зургийг нийтэлжээ.

Уг үйл явдал 2020 оны тавдугаар сард, хөл хорионы дэглэм үйлчилж байх үед болсон гэж тус сонины мэдээнд өгүүлсэн байна.

Тухайн үед олон хүн нэг дор цугларахыг хориглож байсан юм. Сүүлийн өдрүүдэд Борис Жонсоны танхимынхан 2020 оны Зул сарын баярыг нууцаар тэмдэглэсэн тухай баримт Британийн хэвлэлүүдээр ил гарч, нийгмийг шуугиулж байгаа.

Одоо уг дуулианы мөрөөр шалгалтын ажил эхлээд байна. Тухайн үед Британичууд хөл хорионы дэглэмд байсан тул Зул сарын баяр тэмдэглэхийг хориглож байжээ. Энэ жил бас Омикрон хувилбарын тархалтын улмаас хоёр дахь жилдээ тэмдэглэхгүй болж магадгүй байна.

Тиймээс хорио цээрийн дэглэмд хоёр нүүр гаргасан асуудал Борис Жонсоны засгийн газрыг доргиогоод байгаа юм.

 

Сонинд нийтлэгдсэн зураг дээр Жонсон болон түүний гэргий Кэрри, бусад засгийн газрын сайд, албан тушаалтнууд өргөөний арын цэцэрлэгт дарс шимж, бяслаг, пиццагаар даруулж буйг харуулжээ.

Тухайн үед Жонсон коронавирусийн халдвараар хүнд өвчилснийхөө дараа эмнэлгээс гараад удаагүй байсан юм. Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч сонинд нийтлэгдсэн зургийн талаар тайлбарлахдаа “Зуны улиралд Даунинг Стритийн цэцэрлэгт албан уулзалтууд зохион байгуулагдах тохиолдол байдаг. Тухайн үед ерөнхий сайдын хэвлэлийн хурлын дараах уулзалт болж байсан. Даунинг Стрит бол ерөнхий сайдын ажиллаж, амьдардаг албан ёсны өргөө. Тиймээс цэцэрлэгийг ашиглах хууль ёсны эрхтэй” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters