Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Spider-Man: No Way Home” нээлтийн орлогоороо түүхэнд гуравт бичигджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн Марвел Студийн ээлжит бүтээл “Spider-Man: No Way Home” уран сайхны кино түүхэнд гуравт орох амжилт үзүүлснийг уг киноны түгээлтийг хариуцаж байгаа Sony Pictures компани өчигдөр мэдээлжээ.

Тодруулбал АНУ-ын кино урлагийн түүхэнд нээлтийн долоо хоногийн орлогоороо гуравт бичигдэж, арванхоёрдугаар сард нээгдэж байсан кинонуудын дээд амжилтыг тогтоосон байна.

Өнгөрсөн гурван өдрийн орлого урьдчилсан байдлаар $253 сая хүрсэн нь анхны төсөөллөөс бараг хоёр дахин давжээ.

Одоогоор зөвхөн 2019 онд нээлтээ хийсэн “Avengers: Endgame”, 2018 оны “Avengers: Infinity War” бүтээлүүд нээлтийн долоо хоногийн орлогоороо “Spider-Man”-ээс илүү байна.

Үүнээс гадна нээлтийн эхний ганц өдрийн орлого нь цар тахлын үед нээлтээ хийсэн кинонуудынхаас хамгийн өндөр нь болжээ.

Харин дэлхийн зах зээлээс нээлтийн долоо хоногт олсон нийт орлого $587.2 саяд хүрэх төлөвтэй байгааг Sony мэдээлсэн байна.

Цар тахлын үед хүмүүс гэрээсээ гарах нь багасаж, киног стриминг платформоор үзэхийг илүүд үздэг болсон цаг үед “Spider-Man”-ий амжилттай нээлт кино театруудын хувьд сайн мэдээ болж байна.

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Нью-Йорк хотод Бродвэйн шоунууд хаагдаж, алдарт “Saturday Night Live” телевизийн шоу студийн үзэгчтэй зохион байгуулагдахаа больсон хүнд хэцүү үед “Spider-Man: No Way Home” зөвхөн кино театрын сүлжээгээр нээлтээ хийсэн нь зоригтой алхам болсон юм.

 

Эх сурвалж: CNN