Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын теннисчин эмэгтэй бэлгийн дарамтын хохирогч болсноо үгүйсгэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Хятадын газрын теннисний од Пэн Шуай төрийн өндөр албан тушаалтны бэлгийн дарамтын хохирогч болж байснаа сошиал сүлжээнд дэлгэсэн нь олон улсын хэмжээнд дуулиан тарьж байв.

Түүний мэдэгдэл тэр дороо Хятадын интернэтээс устгагдаж, тамирчин бүсгүй өөрөө хэсэг хугацаанд олны өмнө ил гараагүй юм. Тэгвэл Пэн Шуай өчигдөр дээрх дуулиан гарснаас хойш анх удаа гадаадын хэвлэлд ярихдаа өмнө хийсэн мэдэгдлээ бүхэлд нь үгүйсгэжээ.

“Би хэзээ ч, хэний ч бэлгийн дарамтын хохирогч болж байгаагүйгээ тодорхой хэлье. Вэйбо сүлжээнд нийтлэгдсэн зүйлийн хувьд энэ бол миний хувийн асуудал байсан юм. Маш буруу ойлголт төрүүлэхээр үйлдэл болсон” гэж тэрбээр Сингапурын Ляньхэ Заобао сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Өчигдөр бас Хятадын төрийн өмчит Глобал Таймс сонины сэтгүүлч Чинчин Чэнь тамирчин бүсгүй тус улсын сагсан бөмбөгийн од Яао Минтэй ярилцаж байгаа дүрс бичлэгийг твиттер сүлжээнд нийтэлжээ.

Пэн Шуайг сураггүй болсны дараа Наоми Осака, Серена Уилльямс зэрэг дэлхийн теннисний одууд түүний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлцгээж байв.

Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбоо тэмцээн уралдаануудаа Хятад улсад зохион байгуулахгүй байх шийдвэрээ энэ сарын эхээр зарлаж байжээ.

Өнгөрсөн сард Пэн Шуай тус холбооны ерөнхийлөгчид бичсэн захидалдаа өөрийгөө аюулгүй байдалд байгааг мэдэгдэж байсан юм. Гэвч энэхүү захидлыг тамирчин эмэгтэй өөрөө бичээгүй байх магадлалтай гэж олон хүн үзэж байв.

Харин өчигдөр нийтлэгдсэн ярилцлагадаа тэрбээр Дэлхийн Эмэгтэйчүүдийн Теннисний Холбооны ерөнхийлөгч Стив Саймонд бичсэн захидлын хятад эхийг өөрийн гараар бичиж, Глобал Таймс сонин англи хэл рүү хөрвүүлж нийтэлсэн тухай ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian