Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанаас явах хүсэлтэй олон зуун хүн гадаад паспорт авахаар дугаарлаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Талибан зэвсэгт бүлэглэлийн дэглэм дор байгаа Афганистанаас явах хүсэлтэй олон зуун хүн хүйтэн цаг агаарыг ажралгүй гадаад паспорт авахаар дугаарлаж буйг Кабул дахь эх сурвалжууд мэдээлжээ.

Тэдний зарим нь Талибаны дэглэм дор амьдрахаас зугтааж байгаа бол зарим нь гадаадад биеэ эмчлүүлэх зорилготой байна. Наймдугаар сарын дундуур Талибанчууд Афганистаныг хяналтдаа оруулсны дараа иргэний бүртгэлийн албаны үйл ажиллагааг зогсоож байжээ.

Аравдугаар сард паспорт олгох ажиллагааг хэдхэн өдөр нээгээд буцааж хаасан нь маш их хүсэлт ирснээс хурууны хээ унших систем нь ажиллагаагүй болсонтой холбоотой байв.

Техникийн асуудлаа бүрэн шийдсэний дараа паспорт олгох үйл ажиллагааг дахин нээж байгааг Бямба гарагт Талибаны засгийн газар зарласан юм.

 

Хэт олон хүн цугларсан нь аюулгүй байдалд эрсдэл учруулж буй тул Талибаны зэвсэгт дайчид үе үе хүмүүсийг хүчээр тарааж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

“Ямар нэг амиа золиослогчийн халдлага, дэлбэрэлт болохоос бид сэргийлж байна. Бидний үүрэг бол иргэдийн амь насыг хамгаалах. Гэвч хүмүүс шаардлага биелүүлэхгүй байна” гэж Талибаны аюулгүй байдлын албаны офицер Ажмал Туфан ярьсан байна.

Талибанчуудын гол дайсан болоод байгаа Исламын Улс террорист байгууллагын орон нутгийн салбар өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн халдлага зохион байгуулсан юм.

Тэд нисэх буудал, сүм хийд зэрэг олон хүн цугларсан газруудад амиа золиослогчийн халдлага зохион байгуулсны улмаас хэдэн зуун хүний амь үрэгдэж байв.

Афганистаны эдийн засаг доройтож, ард иргэд нь өлсгөлөнгийн ирмэгт хүрээд байгааг НҮБ анхааруулж байгаа. Талибаны дэглэм засгийн эрхэнд гарсны дараа олон улсын хандивлагчдын тусламж дэмжлэг зогссон нь үүнд голлон нөлөөлж байна. Өрнөдийн орнууд одоо Афганистаныг эзлэхээс өмнө Талибан хөдөлгөөнд оноосон эдийн засгийн хоригоо суллах талаар хэлэлцэж байгаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистаны нийслэлд болсон Исламын Хамтын Ажиллагааны Байгууллагын 57 гишүүн улсын тусгай хуралдаанаас Афганистанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарчээ.

Уг чуулганд НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас илгээсэн тайланд Афганистаны хүн амын 23 сая нь өлсгөлөнгийн байдалд амьдарч, эмнэлгүүд тураалд орсон хүүхдүүдээр дүүрч, багш нарын 70 хувь цалингүй амьдарч, олон сая хүүхэд сургуулиас завсардаад байгааг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian