Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад коронавирусийн Омикрон хувилбарын гурав дахь тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын эх газарт коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан гурав дахь тохиолдол илэрсэн тухай Шиньхуа агентлаг Бямба гарагт мэдээлжээ.

Тус улсын төв бүсийн Хунань мужийн нийслэл Чанша хотод гадаадаас буцаж ирсэн зорчигч халдвар тээгч болсон байна.

Энэ сарын эхээр Тяньжин боомт хот болон өмнөд Гуандун мужаас анхны болон хоёр дахь Омикрон хувилбараар халдварласан тохиолдлууд илэрсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн юм. Халдварын тохиолдлууд гадаадаас ирснийхээ дараа нэмж халдвар тараагаагүй, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгааг Хятадын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.

Халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбар дэлхий дахинд тархаж эхэлсэн нь “Covid-zero” буюу вирусийн тархалтыг тэглэх хатуу стратеги баримталж буй Хятад улсын хувьд хүнд сорилт болж байна.

Сар хагас орчмын дараа тус улсын нийслэл Бээжин хотод өвлийн олимпын наадам эхлэх гэж байгаа. Энэ үеэр олон арван мянган зочин гадаад орнуудаас тус улсад ирэх юм.

Олимпын наадам хүртэл хил, боомтын хяналтаа чангатгах ёстойг Хятадын цар тахалтай тэмцэх хорооны тэргүүн Лян Ваннянь өнгөрсөн Бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Ням гарагт Хятад даяар омикрон бус халдварын тохиолдол 44 шинээр бүртгэгдсэн байна. Эдгээр нь Зэжян, Шааньси, Гуандун мужуудад илэрчээ.

 

Эх сурвалж: Bloomberg