Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Маск нарыг уулзуулах боломжтой тухай Кремлийн ордноос мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн бизнесмэн Илон Маск нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой тухай Кремлийн ордноос өчигдөр мэдээлжээ.

Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзсан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч гадаадын бизнесмэнүүдтэй уулзаж ярилцахад үргэлж нээлттэй байдаг. Манай улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Франц, Германы бизнес эрхлэгчидтэй тэр жил бүр уулздаг. Харин Илон Маскийн хувьд манай зах зээлд хөрөнгө оруулаагүйг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ түүнд сонирхол бий гэдэгт бид найдаж байна. Тиймээс ерөнхийлөгчтэй уулзах боломжийг нь үгүйсгэх аргагүй” гэж ярьсан байна.

Энэ оны хоёрдугаар сард Маск дуу хоолойгоор харилцдаг Clubhouse аппликэйшнээр ярилцах урилгыг Путинд твиттер хуудсаараа илгээж байв.

Тухайн үед Кремлийн ордноос Маскийн урилгыг “сонирхолтой санал” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч ямар нэг уулзалт болоогүй өнгөрсөн юм.

Тавдугаар сард ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн яам тус улсад үйлдвэр байгуулах боломжийн талаар ярилцах урилгыг Теслагийн гүйцэтгэх захиралд илгээж байжээ. Маск өөрөө Оросын зах зээлд нэвтрэх санааг цухуйлгасны дараа Оросын талаас ийм алхам хийж байв.

Илон Маск нь цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компаниас гадна сансрын технологийн SpaceX компанийг удирддаг. Тэрбээр одоо $271.3 тэрбум орчмын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна.

Саяхан TIME сэтгүүл Илон Маскийг 2021 оны онцлох хүнээр тодруулсан юм.

 

Эх сурвалж: Russia Today