Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл хот амиа хорлох оролдлогыг таслан зогсооход хиймэл оюуны технологи ашиглаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл хотын захиргаа иргэдийнхээ амиа хорлох оролдлогыг таслан зогсооход орчин үеийн технологи ашиглаж эхэлжээ.

Сөүл хотын дундуур урсах Хан мөрний хоёр эргийг холбосон гүүрнүүдээс үсэрч амиа хорлох явдал олон гардаг. Жил бүр энд 500 орчим удаагийн оролдлого гардаг байна.

Тэгвэл Сөүл хотын захиргаа саяхан гүүрэн дээр хиймэл оюун ухааны технологи бүхий камеруудыг байрлуулжээ. Эдгээр камерууд нь амиа хорлох сэжигтэй үйлдлийг таньж, мэдээлэх үүрэгтэй юм байна.

Тухайлбал хэн нэгэн гүүрэн дээр хэтэрхий удаан саатвал сэжигтэй үйлдэл гэж үзээд ойролцоох аврах албаныханд мэдээлэх юм.

Мэдээлэл авсан аврах албаны ажилтнууд завиар тухайн цэгт шуурхай хүрч, амиа хорлох оролдлогыг таслан зогсоох юм байна.

Шинэ технологийг өнгөрсөн нэг жилийн турш хөгжүүлсэн ба үүнд Сөүлийн Технологийн Хүрээлэн, Сөүл хотын Гал Түймэр, Гамшгаас Сэргийлэх Төв хамтран ажиллажээ.

“Хүмүүсийг гүүрэн дээрээс үсрэхээс өмнө зогсоох нь хамгийн чухал. Хэрвээ усанд нэгэнт уначихвал аврагдах магадлал 50 хувь хүртэл буурдаг” гэж аврах албаны мэргэжилтэн ярьж байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Бид өмнө нь гүүрэн дээр байрлуулсан 572 камерыг хянадаг байлаа. Ингэхэд ажилтнууд бүгдийг нүдээрээ харж хянахад хэцүү байдаг байсан. Харин одоо хиймэл оюуны систем сэжигтэй үйлдлийг илрүүлж мэдээлдэг болсон нь аврах ажиллагааг маш их хурдасгаж байна” гэжээ.

Хан мөрний хоёр эргийг холбосон нийт 28 гүүр байдаг. Эдгээрт өмнө нь амиа хорлох явдлаас сэргийлэх янз бүрийн арга хэрэглэж байжээ.

Тухайлбал Мапо гүүрний хашлагад хэт чанга атгалтыг мэдрээд дохио дамжуулдаг систем байрлуулж байсан бол Сёоган гүүрэнд ямар нэг биет доош унахыг мэдрээд дохио өгөх систем суурилуулж байсан гэнэ. Мөн өндөр төмөр торон хашаа хүртэл босгож байжээ.

Дэлхийн хөгжингүй улс орнуудын дотроос Өмнөд Солонгос амиа хорлох үзэгдлээр тэргүүлдэг. 2020 онд тус улсын 100,000 хүн ам тутамд 25.7 тохиолдол оногдож байжээ.

Албаны тоо баримтаас үзвэл 2007 оноос хойш тус улсын залуу үеийнхний нас баралтын тэргүүлэх шалтгаан амиа хорлолт болсон байна.

 

Эх сурвалж: Korea Herald