Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн толгой компани Мета бусдад тагнуулж байсан 50,000 хэрэглэгчдээ мэдэгдэл хүргэжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн толгой компани Мета өөрийнх нь сошиал платформуудыг ашиглан бусдын эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байсан долоон компанийг илрүүлж, эрхийг нь хаах арга хэмжээ авсан байна. Олон сар үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд дээрх компаниудыг илрүүлж, өөрийн платформуудыг ашиглах эрхийг нь хаажээ.

Тэд аль нэг улсын засгийн газрын захиалгаар сошиал орчинд хувь хүмүүсийг тагнах ажиллагаа явуулдаг байсан гэнэ.

Эдгээр долоон компанийн нэгээс бусдынх нь нэрийг зарласан байна. Үлдсэн нэгийнх нь мэдээллийг олж чадаагүй байгаагаа Мета мэдээлжээ.

Тэдгээрийн дөрөв нь Израйлийн, үлдсэн гурав нь Хятад, Энэтхэг, Умард Македоны компаниуд юм байна. Мета компаниас гаргасан мөрдлөгийн тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.

Мета компани бас дээрх компаниудад тагнуулж байсан дэлхийн 100 гаруй улсын 50,000 хэрэглэгчид мэдэгдэл хүргэсэн тухайгаа зарлажээ. Тэд бүгд Фэйсбүүк, Инстаграм сүлжээг хэрэглэдэг сэтгүүлч, сөрөг хүчний улс төрч, тэмцэгч, шүүмжлэгч зэрэг хүмүүс юм байна.

Сүүлийн үед мэдээллийн технологи ашиглан бусдыг тагнах үйл ажиллагааг хөлсөөр явуулдаг компаниудын асуудал хурцаар яригдаж эхлээд байгаа.

iPhone гар утас, WhatsApp мессенжэрээр дамжуулан хувь хүмүүсийг тагнах систем хөгжүүлж, улс орнуудын тусгай албадад зардаг Израйлийн NSO Group компанийг өнгөрсөн сард Apple, Meta компаниуд шүүхэд өгч байв.

Тус компанийг АНУ-ын засаг захиргаа бас хар жагсаалтдаа оруулсан юм.

Одоо конгрессын хэсэг гишүүд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудыг илүү хатуу шийтгэдэг болох хуулийн төслийг боловсруулж эхэлсэн байна. Тухайлбал ийм төрлийн компаниудын АНУ дахь дансыг царцаах, ажилтнуудад нь виз олгохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг уг төсөлд тусгажээ.

 

Эх сурвалж: The Verge