Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун Австралиас 1,000 гаруй хөлтэй амьтны шинэ төрөл зүйлийг илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд Австралийн баруун хэсгээс мянга гаруй хөлтэй амьтны төрөл зүйлийг шинээр нээснээ зарлажээ.

Баруун Австрали мужийн Истерн Гоулдфилдс уул уурхайн бүс нутагт газрын 60 метрийн гүнээс 1,306 хөлтэй уг амьтныг илрүүлсэн байна.

Эрдэмтэд энэ амьтныг Eumillipes persephone хэмээх нэрээр шинжлэх ухаанд бүртгэжээ. Eumillipes нь “олон хөлт” гэсэн утгатай үг бол Persephone нь эртний Грекийн газар доорх ертөнцийн бурхны нэр юм.

АНУ-ын Калифорни мужаас анх илэрсэн 750 хөлтэй Illacme plenipes-ийг дэлхийн  хамгийн олон хөлтэй амьтан гэж өмнө нь үздэг байжээ.

Шинэ амьтны төрөл зүйлийг тухайн бүс нутагт байгаль орчны судалгаа хийж явсан Bennelongia Environmental Consultants байгууллагын биологич, доктор Бруно Бузатто санамсаргүй илрүүлсэн юм байна.

Генетикийн судалгаагаар Австралийн болон Калифорнийн олон хөлтнүүд “холын хамаатнууд” болохыг тогтоожээ. Шинэ төрөл зүйл нь 330 хүртэл үеэс бүрдсэн урт биетэй, шовх толгойтой, газрын гүнд амьдардаг учир сохор амьтан юм байна.

Урт биеэ газрын гүнд, хад чулуун дундуур авч явахын тулд эволюцийн явцад ийм олон хөлтэй болсон гэж судлаачид дүгнэжээ.

Одоогоор мэдэгдэж байгаа ихэнх олон хөлт амьтад газрын хөрсөн дээр ил амьдардаг бол Eumillipes persephone газрын гүнд амьдардгаараа онцлог юм байна.

Биологийн давтагдашгүй олон төрөл зүйлээрээ онцгойрдог Австрали тивд одоогоор 2,000 гаруй олон хөлт амьтан бүртгэгдсэн байдаг ажээ.

Шинжлэх ухаанд биеийн нэг үедээ олон хос хөлтэй амьтныг “millipedes”, ганц хос хөлтэйг “centipedes” гэж ангилдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian