Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын экс тэргүүн хатагтай өөрийн NFT платформыг нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланиа Трамп өчигдөр өөрийн NFT платформыг нээжээ. NFT (non-fungible token) нь блокчэйн технологиор давтагдашгүй байдал нь баталгаажсан зураг, дүрс, хөгжим зэрэг дижитал объект юм.

Тэргүүн хатагтайн NFT цуглуулгаас олох орлогын зарим хэсэг асрамжийн газрын хүүхдүүдийг компьютерын ухаанд сургах үйлсэд зарцуулагдах юм байна.

“Урлагт дуртайн минь илэрхийлэл болсон NFT санаачилгаа зарлаж байгаадаа би баяртай байна. Энэ санаачилга маань миний Be Best хүүхдийн төлөө хөтөлбөрийг дэмжих юм” гэж Меланиа Трампын мэдэгдэлд өгүүлжээ.

Түүний анхны NFT нь Францын зураач Марк Антуан Кулоны зурсан “Melania’s Vision” нэртэй бүтээл байх гэнэ. Оны сүүлээр уг бүтээлийг 1 SOL-ийн эхлэх үнээр зарах юм байна. SOL нь Солана блокчэйн протоколд суурилсан криптовалют бөгөөд зах зээлийн ханш нь одоо $150 орчим байгаа.

Кулон нь хувцас загварын салбарт уран бүтээл туурвидаг зураач бөгөөд бүтээлүүд нь Vogue, Vanity Fair, Elle зэрэг сэтгүүлүүдэд нийтлэгдэж байжээ.

Түүний “Melania’s Vision” дижитал бүтээлд тэргүүн хатагтай асны “кобальт мэт цэнхэр нүд”-ийг дүрсэлж, ерөөл хэлсэн дуу хоолойн бичлэгийг нь бас хавсаргасан гэнэ.

Цагаан ордноос явснаасаа хойш нэг жилийн дараа Меланиа Трамп анх удаа олон нийтийн үйл ажиллагаа эхлүүлсэн нь энэ юм.

Энэ онд NFT дэлхийн зах зээлд шинэ үзэгдэл болж, өнөөдөр дуудлага худалдааны томоохон төвүүдээр сар бүр олон зуун сая ам.доллараар арилжигддаг болоод байна.

 

Эх сурвалж: AFP