Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сербид литийн уурхай нээх Рио Тинтогийн төлөвлөгөөг түдгэлзүүлэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Серби улсын Лозница хотын иргэдийн төлөөлөгчид Рио Тинто компанийн литийн уурхай нээх төлөвлөгөөнд хориг тавих шийдвэр гаргажээ.

Сүүлийн гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд дараалан нийслэл Белград болон бусад хотуудад Рио Тинтогийн төслийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон юм. Рио Тинто компани Сербийн баруун бүсийн Лозница хотын ойролцоо литийн уурхай байгуулах $2.4 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөөд байгаа.

Лити бол цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд ашиглагддаг үнэт металл бөгөөд дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжиж буй энэ үед эрэлт нь улам нэмэгдэж байна.

Рио Тинто компани уурхай ажиллуулахдаа байгаль орчныг хамгаалах бүх стандартыг хатуу дагаж мөрдөхөө амлаж байгаа ч эсэргүүцэгчид литийн олборлолт орон нутгийн гол ус, газрын хөрсөнд экологийн хохирол учруулна гэж үзэж байгаа юм.

Өчигдөр Рио Тинто компаниас гаргасан мэдэгдэлд тус компани Сербид 10 жил үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн өндөр стандарт, хууль дүрмийг сахиж ирснээ мэдэгджээ.

Мөн энэ удаагийн төсөл нь Серби улсын уул уурхайн салбарын хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцолсон байна.

“Бид иргэдийн ашиг сонирхлыг сайн ойлгож байгаа ба төсөлтэй холбоотой бүх төрлийн мэдээллээр хангах ажлыг үргэлжлүүлэн хийх болно” гэж Рио Тинтогийн мэдэгдэлд өгүүлжээ.

Сербийн ерөнхий сайд Ана Брнабич "Уурхай байх эсэх нь орон нутгийн ард иргэд, байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг судалсан үнэлгээний үр дүнгээс хамаарна. Ерөнхийлөгч бас ийм байр суурьтай байгаа" гэж мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: Associated Press