Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг дагаж гарах журамд нийцээгүй биржүүд арилжаа хийх эрхгүй, койнуудыг хууль бус гэж үзнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль Улсын Их Хурлаар батлагдаж буйтай холбоотойгоор холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. 

Уг хуулийг баталснаас хойш дөрвөн сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай дүрэм, журмуудыг батлах аж.

"Одоо үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд журам гарснаас хойш гурван сарын дотор шаардлагад нийцүүлэн шинээр бүртгүүлэх ёстой. Бүртгэгдээгүй койныг хууль бус гэж үзнэ гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, одоо үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид журмын шаардлагыг зайлшгүй хэрэгжүүлнэ.

Хууль батлагдсанаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийг бууруулах, тэдгээр гэмт хэргийг Монгол Улсад, эсхүл монгол улсаар дамжуулан үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүргээ ОУ-ын байгууллагуудын өмнө бүрдүүлэх ач холбогдолтой.

Тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч мэдээлэл технологийн найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийг таньж мэдэх, тухайн үйлчилгээнд оролцож байгаа хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох үүргийг хүлээх болно.

Өмнө гарчихсан байгаа бирж болон койнууд дөрвөн сарын хугацаанд шаардлагаа ханган бүртгүүлэх үүрэгтэй. Хангаагүй тохиолдолд арилжаа хийх эрхгүй болно.

Тэгэхээр одоо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй 22 биржийн үйл ажиллагаа бүгд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг биш. Шаардлага хангахгүйг нь бүртгэхгүй бөгөөд иргэдэд хохирол учрах эрсдэлтэй.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар хувь хүн,  аж ахуйн нэгж ICO нэрийн дор хөрөнгө оруулалт татах боломжгүй. Заавал шаардлага хангасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжин койн, токен гаргах эрх зүйн орчин бүрдэж байна" гэв.