Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Инфляц 10.5% байгаа нь оргил үзүүлэлт биш. Ирэх оны эхний хагас жилд 12% орчимд хүрээд гуравдугаар улирлаас буцаад буурна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Арваннэгдүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 10.5%, Улаанбаатар хотод 10% гарсан. 

Инфляцын задаргаатай холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Дотор нь задалж харвал зорилтын дээд хязгаараа давсан хоёр бүлэг бий.

  1. Шатахууны үнийн өсөлт
  2. Хүнсний бүлгийн өсөлт.

Хүнсний бүлгийг харвал:

  1. Хүнсний бүлэг дотроо хамгийн өндөр өсөлттэй нь хүнсний ногоо байсан. Сүүлийн үед нарийн ногооны нийлүүлэлтийн хомсдолтой холбоотойгоор үнэ өссөн. Сарын дотор 70-120 хувиар үнэ нэмэгдсэн. Нийлүүлэлт нэмэгдээд, арваннэгдүгээр сард үнэ нь 20-аар буцаж буусан.
  2. Төрөл бүрийн өөх тос, тосон бүтээгдэхүүн 35%
  3. Мах 21%
  4. Сүү, сүүн бүтээгдэхүүн 15.6%-ийн өсөлттэй байсан нь нөлөөлсөн.

Хүчин зүйлсийн талаас нь инфляцыг харах ёстой. Үүнээс өмнө гадаад инфляцын нөлөө ямар байгааг харах хэрэгтэй.  

  • Тээврийн үнэ дэлхий нийтээр өндөр өссөн яваа. Гэхдээ сайн мэдээ нь 10 мянга даваад байсан чингэлэг тээврийн үнэ сүүлийн хоёр сар дараалан бууж, 9,200 руу буулаа.   
  • Эдийн засгийн идэвхжилтэй холбоотой эрэлтийн гаралтай инфляц ямар байгааг анхааралтай судалж, мөнгөний бодлогын шийдвэр гаргаж байгаа. Бидний тооцоолсноор эрэлтийн гаралтай инфляцын нөлөө бага байна гэж харсан. Тодруулбал, эрэлтийн 50%-ийг өрхийн хэрэглээ тодорхойлдог. Монгол Улсын өрхийн хэрэглээ сүүлийн дөрвөн улирал дараалаад уналттай явж байгаа. Уналттай хэрэглээнээс үүдэн инфляц бий болж байна гэж үзэх үндэслэл хомс.
  • Нөгөө талд өрхийн хэрэглээ цаашид яах вэ гэдгийг харахын тулд хөдөлмөрийн зах зээл дэх гүйцэтгэлийг харах ёстой. Ажил эрхлэлтийн өсөлт сүүлийн 3-4 улирал уналттай явна. Хамгийн муу үе нь энэ оны нэгдүгээр улиралд /13-14%/ байсан. Энэ нь 3% болж багасаж буй нь нааштай үзүүлэлт.  
  • Инфляц 10.5% байгаа нь оргил үзүүлэлт биш. Ирэх оны эхний хагас жилд 12 орчим хувьд хүрээд гуравдугаар улирлаас буцаад буурч, жилийн эцэс гэхэд 7% орчимд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх жил мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоонуудыг хийгээд энэ түвшинд хүрнэ гэх хүлээлттэй байгаа.
  • Монголбанк эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогын төлөв дунд хугацааны инфляцын зорилтыг хангах үндсэн зорилт хоёрын хооронд тэнцвэртэй шийдвэр гаргаж байна" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1017365625476729