Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд Берлинд гарсан аллагатай холбоотойгоор Герман улс ОХУ-ын хоёр дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөлөө

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

2019 онд Берлин хотын гудамжинд чечень цагаачийн амийг хөнөөхөд ОХУ-ын эрх баригчид оролцсон гэх дүгнэлтийг Германы шүүх өчигдөр гаргажээ.

Уг дүгнэлттэй холбоотойгоор Герман улсын засгийн газар ОХУ-ын хоёр дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн байна.

2019 оны наймдугаар сард Гүржийн иргэн, чечень үндэстэн, 40 настай Зелимхан Хангошвилийг Берлин хотын төв цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нэг этгээд толгойд нь ойрын зайнаас хоёр удаа буудаж хөнөөсөн юм. Хангошвили нь 2000-аад оны эхэн үеэр Чечений дайнд Оросын армийн эсрэг тулалдаж явсан хүн байжээ.

Германы цагдаа нар тухайн үед хэргийн газрын ойролцоо явж байсан Оросын иргэнийг баривчилж байв. Тэрбээр баривчлагдах үедээ унадаг дугуй, гар буугаа ойролцоох гол руу шидэж байжээ.

56 настай сэжигтэн нь Оросын аюулаас хамгаалах албатай холбоотой Вадим Красиков гэгч болохыг сүүлд шалгаж тогтоосон юм.

Тэрбээр хуурамч бичиг баримтаар Герман улсад нэвтрээд байжээ. Нутаг дэвсгэрт нь гэгээн цагаан өдөр аллага үйлдсэн энэ хэрэг германчуудыг бухимдуулж, Оросын хоёр дипломатчийг хөөж, хэргийг мөрдөн шалгах ажил 2019 оны сүүлээр эхэлж байв.

Шүүхийн дүгнэлт гарсны дараа Германы шинэ засгийн газар ийнхүү дахин хоёр дипломатчийг нь хөөжээ.

Хариуд нь Оросын тал мөн адил Германы хоёр дипломатчийг хөөх болсныг ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр мэдэгдсэн байна.

Берлин хотын шүүхээс өчигдөр Красиковт бүх насаар нь хорих ял оноож, Оросын нууц албаныхан түүнийг хуурамч бичиг баримт болон аллага үйлдэхэд шаардлагатай бусад эд зүйлсээр хангасан гэж дүгнэжээ.

Берлин дэх ОХУ-ын элчин сайд Сергей Нечаев шүүхийг улс төржсөн шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилсэн байна. Хангошвили алагдахаасаа гурван жилийн өмнө Герман улсад оршин суух эрх аваад байжээ.

Украины асуудлаар нэгэнт муудаад байгаа Герман-Оросын харилцаанд өчигдрийн шийдвэр дахин нэг том маргаан зөрчил үүсгэж байна. Канцлераар томилогдоод удаагүй байгаа Олаф Шольцийн засгийн газар Меркелийн үед баримталж байсан ОХУ-тай харилцах аядуу бодлогыг өөрчлөхөө амлаж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press