Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮ-1, 2, 3 ангиллаар цалинждаг ажилчдыг гэрээт болгох тухай Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг дахин шаардав

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг "Гэрээт" болгох асуудлаар Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос тавьсан шаардлагад УИХ, Засгийн газраас хариу өгөөгүй тул дахин хэвлэлийн хурал хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "ТҮ-1, 2, 3 ангиллаар цалинждаг төрийн албан хаагчдыг гэрээт ажилтан болгох нь тэдний ажлын байрны баталгаа алдагдах, тэтгэвэр тэтгэмж байхгүй болж, цалин хөлс нь хүрэлцдэггүй байдлыг улам дордуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. 

Улс орон даяар үйлчилгээний салбарт ажил эрхэлж байгаа олон мянган ажилтан эсэргүүцлээ илэрхийлж байна. Эдгээр ажилтны дийлэнх нь 40-өөс дээш настай, дунджаар 470,000-540,000 төгрөгийн цалинтай. Тэтгэвэрт гарахдаа 2-12 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авна гэсэн хүлээлттэй ажиллаж байгаа 50 гаруй мянган хүний эрх ашиг энд яригдаж байна. 

Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гаргаж, ТҮ-1, 2, 3 ангиллаар цалинждаг хүмүүсийн нөхцөл байдлыг улам дордуулах гэж байгаа учраас УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Өмнө нь хүргүүлсэн шаардлагын хариу албан ёсоор ирээгүй байгаа. Уг шаардлагад тусгагдсан хоёр гол шаардлагыг танилцуулъя. 

  • Засгийн газар ТҮ-1, 2, 3 ангиллаар цалинждаг ажилчдыг гэрээт болгох тухай гаргасан шийдвэрээ цуцлах,
  • СӨБ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны арваннэгдүгээр сарын 7-нд хүргүүлсэн шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" хэмээв. 

СӨБ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос арваннэгдүгээр сарын 7-нд Засгийн газар, Сангийн яам, Хөдөлмөрийн яаманд шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа аж. Тиймээс тус хорооноос түр хороо байгуулжээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн үйлчилгээний ажлыг хувийн хэвшилд шилжүүлснээр хүүхдүүд аюулгүй, эрүүл орчинд байх, чанартай хоол хүнс хэрэглэх эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг СӨБ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл ярилаа. 

Түүнчлэн Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны гишүүд бүгдээрээ Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн энэ сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар холбогдох байгууллагад хандаад байгаа аж.