Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсад шоронгийн багтаамж хүрэлцэхгүй байгаа тул Косово улсаас 300 өрөө түрээслэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дани улс Косово улсаас шоронгийн 300 хорих өрөө түрээсэлж, зарим хоригдлын ялын сүүлийн жилүүдийг гадаадад эдлүүлэхээр болжээ.

Энэ нь дотоодын шоронгийн ачааллыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ бөгөөд 2025 он хүртэл хэрэгжих юм байна.

5.8 сая хүн амтай Дани улсын шоронгуудад хоригдож буй ялтнуудын тоо 2015 оноос хойш 19 хувиар өсөж, 4,000 давсан тухай тус улсын хууль зүйн яам мэдээлжээ. Үүний улмаас 2021 оноос эхлэн багтаамж нь хүрэлцэхгүй болсон байна.

Ижил хугацаанд шоронгийн хуягуудын тоо 18 хувиар буурсан нь тав хүртэл жилийн хорих ялтай хүмүүсийн ялыг нээлттэй шоронд эдлүүлдэг болсонтой холбоотой ажээ.

“2025 он гэхэд бидэнд 1,000 хүртэл шоронгийн өрөө дутагдах төлөвтэй байгаа. Косово улсын засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд эхний ээлжинд 300 хорих өрөө түрээсэлж, цаашдаа нэмээд явах боломжтой болж байна” гэж Дани улсын хууль зүйн сайд Ник Хаккерупын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өмнө нь Норвеги, Бельги улсууд Нидерландад шоронгийн өрөөнүүд түрээсэлж байсан удаатай. Балканы хойгийн Косово улсын хувьд 2020 онд 1,642 хоригдолтой байсан нь шоронгийн багтаамжийнх нь 97 хувийг эзэлж байжээ.

 

Эх сурвалж: AFP