Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос хэвийн амьдралд шилжих төлөвлөгөөнөөсөө буцахаар болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар тархалт дээд хэмжээндээ хүрсэнтэй холбогдуулан цар тахлын дараа хэвийн амьдралд шилжих төлөвлөгөөнөөсөө буцахаар болсныг Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр зарлажээ.

Тус улсад сар хагасын өмнөөс хорио цээрийн дэглэмээ аажмаар сулруулж, хэвийн амьдралд шилжих төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн юм. “Цар тахлын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн тул бид хорио цээрийн хатуу дэглэмээ сэргээхээр төлөвлөж байна. Хүмүүс олноор цугларахыг хориглох, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг хязгаарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авах талаар ярилцаж байна” тус улсын ерөнхий сайд Ким Бү Кюм өчигдөр болсон гамшгийн үеийн хариу арга хэмжээний төвийн хурлын үеэр хэлжээ.

Вирусийн халдварыг зогсоох ямар хариу арга хэмжээ авах талаар эцсийн шийдвэрийг засгийн газар тун удахгүй танилцуулахыг ерөнхий сайд хэлсэн байна.

Ингэхдээ жижиг бизнес эрхлэгчдэд нөхөн олговор олгох замаар хохирлыг нь барагдуулахаа амлажээ.

Шинэ төлөвлөгөөг энэ долоо хоногт багтаан зарлаж, оны сүүлийн хоёр долоо хоногт хэрэгжүүлэх төлөвтэй байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд (Мягмар гарагт) Өмнөд Солонгос даяар халдварын 7,850 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийт халдварын батлагдсан тохиолдол тус улсад 536,495 бүртгэгдээд байна.

Шинэ халдварын тохиолдлуудын 3,166 нь нийслэл Сөүл хотод, 2,299 нь Гёнги мужид бүртгэгджээ.

Биеийн байдал нь хүндэрсэн өвчтөний тоо 946 хүрсэн нь бас цар тахлын үеийн хамгийн өндөр тоо болж байна. Сүүлийн хоногт 80 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь өмнөх өдрийн 94 эндэгдлээс бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ. Нэг хоногт 94 хүн нас барсан нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Мягмар гарагт Омикрон хувилбарын батлагдсан тохиолдол 9-өөр нэмэгдэж, нийтдээ 128 болжээ. Тус улсад Омикрон хувилбарын анхны тохиолдлууд арванхоёрдугаар сарын 1-нд илэрч байв.

Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд тус улсын засгийн газар гадаадаас ирэх бүх зорчигчдыг 10 хоног тусгаарлах журмын хэрэгжилтийг нэгдүгээр сарын 6 хүртэл буюу гурван долоо хоногоор сунгахаар болжээ. Уг журмын дагуу гадаад, дотоодын бүх иргэд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээсээ үл хамааран заавал тусгаарлагдах юм.

Харин Африк тивийн 11 улсаас ирэх гадаадын зорчигчдод Өмнөд Солонгосын хил нэгдүгээр сарын 6 хүртэл хаалттай байхаар болжээ.


Эх сурвалж: Yonhap News