Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи өөрөө Омикроны голомт болсон тул Африкийн улсуудад тавьсан хилийн хоригоо цуцлав

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын дотоодод нэгэнт Омикрон хувилбарын халдвар дэгдсэн тул Африк тивийн улсуудын эсрэг тавьсан хилийн хоригоо Лхагва гарагаас эхлэн цуцлах болсныг тус улсын эрүүл мэндийн сайд Сажид Жавид өчигдөр парламентдаа мэдэгджээ.

Коронавирусийн халдварлах чадвар өндөртэй Омикрон хувилбар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад өнгөрсөн сарын сүүлээр илэрсний дараа Их Британи улс Африк тивийн 11 улсыг аялал жуулчлалын “улаан жагсаалт”-даа нэмж байв.

“Омикрон хувилбар одоо нэгэнт Их Британийн дотоодод болон дэлхийн олон оронд өргөн тархсан тул улаан жагсаалтын ач холбогдол байхгүй болж байна” гэж Жавид хэлжээ.

Одоо тус улсад гадаадаас зорчин ирж буй хүмүүсээс нисэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу шаардаж байгаа. Уг шаардлагыг цааш үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг нэгдүгээр сарын эхний долоо хоногт шийдэхээр төлөвлөж байгаагаа Их Британийн зам тээврийн сайд Грант Шэппс өчигдөр парламентад мэдээлжээ.

Их Британийн аялал жуулчлалын улаан жагсаалтад Өмнөд Африкаас гадна Ангол, Ботсвана, Эсватини, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Нигери, Замби, Зимбабве улсууд багтаад байсан юм.

 

Эх сурвалж: Reuters