Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Думын гишүүд Татарстаныг “ерөнхийлөгчгүй” болгох хуулийн төслийг дэмжжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Татарстаны ерөнхийлөгч Рустам Минниханов нар

ОХУ-ын бус нутгийн удирдагчдыг “ерөнхийлөгч” гэж нэрлэхийг хориглох хуулийн төслийг өчигдөр тус улсын парламентын доод танхим Думын гишүүд олонхын саналаар дэмжжээ.

Хуулийн төслийг Думын 330 гишүүн дэмжиж, 89 гишүүн эсэргүүцэж, хоёр гишүүн санал өгөхөөс түдгэлзсэн байна. Эсэргүүцсэн гишүүд нь Коммунист нам, Шударга Орос намын төлөөллүүд байжээ.

Одоо төслийг парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа ерөнхийлөгч Владимир Путин батлах юм.

Уг хуулийн төсөл үндсэндээ Татарстаны Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Рустам Миннихановоос “ерөнхийлөгч” албан тушаалын нэрийг хураах зорилготой юм.

Оросын Холбооны субъектүүд дотроос ганцхан Татарстан ийм албан тушаалын нэр хэрэглэж байгаа.

Өнгөрсөн есдүгээр сард хуулийн төслийг өргөн барьсан Думын гишүүн Андрей Клишас бүс нутгийн удирдагчдыг нэгдмэл албан тушаалын нэршилтэй болгох, ерөнхийлөгч нэрийг Оросын дотоод бүс нутгийн түвшинд хэрэглэхгүй болгох зорилготой гэж тайлбарлаж байв.

Дараа нь аравдугаар сард Татарстаны парламент Думын хуулийн төслийг ОХУ-ын үндсэн хуулийг зөрчсөн үндэслэлээр эсэргүүцсэн шийдвэр гаргаж байжээ.

Хуулийн төслийг Дум дэмжсэн нь үндсэндээ Оросыг холбооны улс гэж нэрлэх боломжгүй болгож байгааг зарим судлаачид шүүмжилж байна.

Мөн бүс нутгуудын бие даасан байдлыг үгүйсгэх, цаашлаад салан тусгаарлах үзлээс болгоомжилсон шийдвэр байж болзошгүй гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe