Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хайтид гарсан ослын үеэр асгарсан шатахуунаас авах гэсэн 60 хүн шатаж, амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Карибын тэнгисийн Хайти арал улсын Кап-Хайтиен хотод шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдох үеэр олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.

Гудамжинд асгарсан шатахуунаас савлаж авах гэсэн хүмүүсийг бөөгнөрөх үеэр осолдсон автомашин дэлбэрсний улмаас 60 хүн шатаж, амиа алдсан байна.

“Одоогоор амиа алдсан хүний тоо 60 хүрээд байна” гэж Кап-Хайтиен хотын дэд дарга Патрик Алмонор мэдээлжээ. Ослын газраас цогцос илрүүлэх ажил үргэлжилж буй тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг тэр бас хэлсэн байна.

Дэлбэрэлтийн үеэр ихэнх нь амьдаараа шатаж, цогцос нь танигдахын аргагүй болсныг гэрчүүд мэдээлжээ. Осол гарсан гудамжинд оршдог 20 орчим айлын орон гэр бас шатсан байна.

Амиа алдсан хүмүүсээс гадна биеийн 60-аас дээш хувь нь түлэгдсэн 40 орчим өвчтөн хүргэгдэж ирсэн тухай ойролцоох эмнэлгийн төлөөлөгч мэдээлжээ.

 

Хайти улсын ерөнхий сайд Ариэл Анри энэхүү осолтой холбоотойгоор үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна.

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Хайти өөрийн дотоод хэрэгцээгээ бүрэн хангах эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй. Хамгийн сайн хангамжтай нийслэл Порт-О-Прэнс хотод ч өдөрт хэдхэн цагийн хугацаатай цахилгаан түгээдэг юм.

Тиймээс тус улсын айл өрхүүдийн ихэнх хэсэг генераторын тусламжтай цахилгааны хэрэгцээгээ хангадаг байна. Гэвч бензин шатахууны хомсдол үүнд нь бас саад болдог.

Орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд шатахууны түгээлтэд хяналт тавьдаг нь хомсдол үүсэх гол шалтгаан болдог ажээ.

Сүүлийн саруудад шатахуун түгээгч автомашинуудыг дээрэмчид барьцаалсан арав гаруй хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд барьцаалсан шатахуунаа эзэдтэй нь мөнгөөр солилцдог юм.

Даваа гарагт Хайтийн нийслэлд иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байв. Таван сарын өмнө Хайти улсын ерөнхийлөгч Жовенел Мойсе гэртээ байхдаа хөлсний алуурчдын гарт алагдсан нь улс төр, эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлжээ.

Уг аллагыг мөрдөх явцад олон арван хүнийг баривчилсны дотор хууль хүчний байгууллагын дөрвөн өндөр албан тушаалтан байгаа юм. Аллагын үеэр ерөнхийлөгчийн ордныг хамгаалж байсан цагдаа нараас ганц ч хүн шархдаагүй нь анхаарал татаж байна.

Тиймээс аллагыг хэн захиалсныг олж тогтоох ажил мухардаж болзошгүй болжээ.

 

Эх сурвалж: AFP