Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнэ дэлхий дахинд инфляц өсөх гол хүчин зүйл болж байна

ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN

АНУ-ын инфляц 6.8%

 
Гэрэл зургийн эх сурвалж: CNBC

11-р сард АНУ-ын инфляц 6.8% буюу сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд буй. Үүнд газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалж бензиний үнэ 58% өссөн нь голлон нөлөөлжээ.

Америкт бензиний жижиглэнгийн дундаж үнэ  3.3 ам.доллар/галлон байгаа нь жилийн өмнөхөөс 1.19 ам.доллароор өндөр дүн юм.

БНСУ-ын инфляц 3.7%

 
Гэрэл зургийн эх сурвалж: Yonhap

Өмнөд Солонгосын инфляц 11-р сард 3.7% буюу сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд байна. Энэ нь тус улсын төв банкны зорилт 2%-иас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт гэдгийг Ёнхап агентлаг мэдээлжээ. Үнийн өсөлтийн гол шалтгааныг дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт болон хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлснийг мөн тус агентлаг онцолсон байна.

Японд бөөний худалдааны үнэ 9% өсөж рекорд тогтоов

 
Гэрэл зургийн эх сурвалж: Kyodo news

Өнгөрсөн сард Японд бөөний худалдааны үнэ 9% өсжээ. Үүнд түлш шатахууны үнэ өссөн болон иенийн ханш суларсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал шатахуун болон нүүрсний үнэ 11-р сард жилийн өмнөхөөс 49.3% -иар өндөр үнээр борлуулагдаж байна. Мөн импортын барааны үнэ 44.3% буюу 1981 оноос хойш хамгийн өндөр хэмжээгээр өсжээ.

Их Британийн инфляц 4.2%

 
Гэрэл зургийн эх сурвалж: BBC

10-р сарын байдлаар тус улсын инфляц 10 жилийн дээд түвшиндээ хүрээд байна. Энэ нь Английн төв банкны зорилтоос 2 дахин өндөр түвшин. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь түлш шатахууны үнийн огцом өсөлт болж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнөөс үүдэж дундаж суудлын автомашины түлшний савыг дүүргэхэд Британичууд жилийн өмнөхөөс 19 фунт стерлингээр илүү үнэ төлөх болсон байна.

Герман 5.2%

 
Гэрэл зургийн эх сурвалж: Politico.eu

ХБНГУ-ын инфляц өнгөрсөн сард 29 жилийн дээд түвшин буюу 5.2% хүрээд байна. Үүнд Европ даяар үнэ нь огцом өсөөд буй түл шатахуун, ялангуяа газны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тухайлбал түлшний бүлгийн үнэ жилийн дүнгээр 22% өсөлттэй байгаа нь бусад бүлгээс өндөр үзүүлэлт юм. Европын төв банк бүсийн 19 орныхоо инфляцыг 2%-д тогтворжуулахыг зорьдог. Тус байгууллагын үзэж буйгаар инфляц ирэх оноос тогтворжих хүлээлттэй байна.