Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бокс, хүндийн өргөлт 2028 оны олимпын наадмаас хасагдаж магадгүй болоод байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) өнгөрсөн долоо хоногт болсон хурлаараа 2028 оны Лос Анжелесийн Зуны Олимпын наадмаас хасагдахгүйн тулд алдаа дутагдлаа засах 18 сарын хугацаатай үүрэг даалгаврыг бокс, хүндийн өргөлт, орчин үеийн пентатлоны холбоодод өгчээ.

Эдгээрээс бокс, хүндийн өргөлтийн холбоод авлига, сэргээшийн асуудалд удаа дараа холбогдож, дотооддоо удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлт хийх шаардлагатай тулгараад байгаа юм.

Харин орчин үеийн пентатлоны холбоонд ОУОХ морьтой харайлтын тэмцээнээ хасах шаардлага хүргэсэн байна.

Токио 2020 олимпын наадмын үеэр энэ спортын төрлийн дасгалжуулагч морьтой харгис хэрцгий хандсан явдал олон нийтийн анхаарлын төвд орж, нэлээд шүүмжлүүлсэн юм.

Тиймээс орчин үеийн олимпын наадамтай нас чацуу буюу 100 гаруй жилийн түүхтэй энэ төрлийн зарим тэмцээн цаг үедээ тохирохгүй болж, шинэчлэх шаардлага гарсан байна.

2028 оны зуны олимпын наадамд багтсан спортын эхний 28 төрлийн жагсаалтыг ОУОХ гаргаснаа ирэх оны хоёрдугаар сард болох гишүүдийн хурлаараа батлуулах юм.

Дээрх гурван төрөл энэхүү жагсаалтад багтаагүй байна.

Харин скэйтборд, сөрфинг, спорт авиралт гэсэн шинэ төрлүүд жагсаалтад багтжээ.

Токиогийн наадамд анх удаа багтахдаа өсвөр залуу насны үзэгчдийг амжилттай байлдан дагуулсан эдгээр төрлүүд цаашдаа олимпын наадамд тогтмол багтах нь тодорхой болсон байна.

Олимпын наадмыг телевизээр дамжуулах эрхийн орлогоос спортын холбоод хувь хүртдэг бөгөөд одоогоор холбоо бүр $15 саяыг авдаг. Дээрх гурван холбоо дараагийн наадмаас эхлэн үүнээс хувь хүртдэг болох гэнэ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах бас 2028 оны наадмын хөтөлбөрт хөлбөмбөгийн төрлийг багтаасан ч FIFA-д өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаагаа тохиролцох анхааруулга өгсөн байна. Учир нь FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино дөрвөн жил тутамд болдог хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулах санал гаргаад байгаа.

Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжвэл 2028 оны олимпын наадамтай хугацааны хувьд давхцах юм. Гэхдээ энэ санал сүүлийн үед Европ, Өмнөд Америкийн гишүүн орнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна.

 

Эх сурвалж: Associated Press