Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Эмчийнхээ бэлгийн дарамтын хохирогч болсон Америкийн гимнастикчид $380 саяыг авахаар боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Бэлгийн дарамтын хохирогч болсон гимнастикчид

АНУ-ын гимнастикийн үндэсний шигшээ багийн эмч Ларри Нассар 330 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 2018 онд шийтгүүлж байв.

Одоо тэр шүүхээс оноосон 300 жилийн хорих ялаа шоронд эдэлж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын спортын холбоод хохирогчдын нөхөн төлбөрт $380 саяыг олгох шийдвэрийг өчигдөр гаргажээ.

АНУ-ын Гимнастикийн Холбоо, Үндэсний Олимпын Хороо ийм хэмжээний нөхөн төлбөр олгохоор хохирогчидтой тохиролцсон байна. Мөн эдгээр байгууллагуудын удирдах зөвлөлд хохирогчдын төлөөлөл суудалтай болох тохиролцоонд хүрчээ.

 
Шигшээ багийн эмч асан Ларри Нассар

Хохирогчдын дотор олимпын алтан медальт Саймон Байлз, Али Райсман, Маккайла Марони зэрэг алдартай тамирчид байгаа юм.

2016 онд Нассарын эсрэг хамгийн анх гомдол гаргаж байсан Рэчел Денхолландер “Энэ хэрэг эцэст нь хаагдлаа. Одоо шинэчлэл, бүхнийг эхнээс нь сэргээх ажил үлдэж байна. Шударга ёс тогтох эсэх нь дараагийн үйл явдлаас шууд хамаарна” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

АНУ-ын Гимнастикийн Холбооноос гаргасан мэдэгдэлд тус байгууллагын хариуцлагагүй байдлаас болж хохирсон охид бүсгүйчүүдээс уучлал гуйжээ. Долдугаар сард гарсан Холбооны Мөрдөх Товчооны мөрдлөгийн дүгнэлтээр тус холбоо хэргийг нуун дарагдуулж, шалгалтыг удаашруулж, Нассарт гэмт үйлдлээ үргэлжлүүлэх боломж олгож байсан нь тодорхой болсон юм.

Нассар нь АНУ-ын Гимнастикийн Холбоонд ажиллахаасаа өмнө Мичиганы Их сургуульд ажилладаг байхдаа мөн олон охид бүсгүйчүүдийн биед халдаж байжээ. 2018 онд Мичиганы Их сургууль хохирогчдод $500 саяын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан юм.

Өчигдрийн шийдвэрийн дараа Нассарын хэрэгтэй холбоотой төлбөрийн хэмжээ нийтдээ $880 сая болж байна.

 

Эх сурвалж: BBC