Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин 2022 олимпын наадмыг бойкотлох хөдөлгөөнд Өмнөд Солонгос нэгдэхгүй гэлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын санаачилсан Бээжин 2022 өвлийн олимпын наадмыг бойкотлох хөдөлгөөнд нэгдэхгүй гэдгээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Австралийн нийслэл Канберра хотод айлчилж, тус улсын ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзах үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

“АНУ болон бусад ямар ч улсаас бид дипломат хоригт оролцох хүсэлт хүлээж аваагүй” гэж хэлсэн Мүүн хэдийгээр маргаантай асуудлууд хоёр улсын харилцаанд байдаг ч Солонгосын хойгт энх тайван байдал тогтооход Хятад улсын үүрэг оролцоо чухлыг онцолжээ.

1950-1953 онд үргэлжилж байсан Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй, гал зогсоох гэрээний хүрээнд завсарлаад байгаа. Мүүн Жэ Иний засгийн газар уг дайныг дуусгах энхийн гэрээг Умард Солонгостой байгуулах зорилготой ажиллаж байгаа юм.

Тэрбээр ирэх онд ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө энэ чиглэлд ахиц дэвшил гаргахаар чармайж байна.

Умард Солонгосын дэглэмийн хамгийн том түшиг тулгуур, Өмнөд Солонгосын хамгийн том худалдааны түнш Хятад улс энэ үйл хэрэгт чухал үүрэгтэй.

Одоогоор Вашингтоны санаачилсан Бээжин 2022 наадмын эсрэг дипломат хоригт АНУ, Их Британи, Австрали, Канад улсууд нэгдээд байгаа.

Мүүн Жэ Иний айлчлалын үеэр хоёр улс батлан хамгаалах болон технологийн салбарын хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Тухайлбал Өмнөд Солонгосын тал Австралид $720 саяын дүнтэй зэр зэвсэг нийлүүлэхээр болжээ.

Скотт Моррисонтой хийсэн уулзалтын дараа хэлсэн үгэндээ Мүүн Жэ Ин өөрийнх нь айлчлал Хятад-Австралийн дайсагнасан харилцаатай ямар ч холбоогүйг илэрхийлсэн байна. “Австралид хийж буй миний айлчлал Хятад улсын талаар баримтлах олон улсын ямар нэг байр суурьтай холбоогүй юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хэлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg