Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний 11 сард $3 тэрбумаар өсөв

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний арваннэгдүгээр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15 тэрбум ам.доллар болж, 2020 оны мөн үеэс 3 тэрбум ам.доллароор буюу 27.9 хувиарөссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

 
ГЕГ

Экспортын дүн импортын дүнгээс 2.6 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

Экспортод 8.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Экспортод нийлүүлсэн барааны 99.3 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгааг ГЕГ-аас онцлов. 

Экспортын барааны нийт дүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүн 7.2 тэрбум ам.доллар буюу 82.3 хувь;
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 88.9 сая ам. доллар буюу 1 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 943.9 сая ам. доллар буюу 10.7 хувь;
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 46.8 сая ам.доллар буюу 0.5 хувь;
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 298.4 сая ам.доллар буюу 3.4 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.9 хувийг эзэлж байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар манай улс 38.4 сая ам.долларын бараа импортолжээ 

Тэгвэл импортоор нийт 6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буюу 26.6 хувиар өссөн байна. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны

  • 96.1 хувийг валютын төлбөртэй худалдаа
  • 1.4 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа
  • 0.6 хувийг гадаадын тусламжийн бараа
  • 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа
  • 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна. 

Түүнчлэн олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 38.4 сая ам.долларын бараа импортолсон байна.

Барааг гарал үүслийн орноор авч үзэхэд

  • АНУ-д 26.8 хувь
  • БНХАУ-д 32.4 хувь
  • БНСУ-д 6.9 хувь
  • Японд 6.4 хувь тус тус ногдож буй юм. 
 
ГЕГ

Суудлын автомашины импорт энэ оны эхний 11 сард өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар, ачааны авто машины импорт 28.3 хувиар тус тус өсжээ.  

 
ГЕГ

Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс харвал хүнсний ногоо, улаанбуудайн гурил, ургамлын тосны импорт 2020 оны мөн үеэс буурсан байна.