Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

19 настай бүсгүй дэлхийг ганцаар тойрсон хамгийн залуу нисгэгч болохоор аялж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийг ганцаараа тойрсон хамгийн залуу эмэгтэй нисгэгч болох зорилготой аялж яваа Зара Рутерфорд өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын Владивосток хотоос Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд ирж газардсан нь түүний аяллын Ази тив дэх анхны зогсоол болсон байна.

Британи, Бельгийн давхар иргэн 19 настай Зара энэ оны наймдугаар сард дэлхийг тойрох 51,000 км урт агаарын аяллаа Бельгийн нутгаас эхэлсэн юм.

Тэрбээр дэлхийн таван тивийн 52 улсын нутгийг дайрахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тэр “Shark” нэртэй хөнгөн нисэх онгоцоороо Өмнөд, Умард Америк тивүүдийг дайрч, Аляскаар дамжин ОХУ-д хүрсэн юм.

Өнөөдөр тэр Сөүлээс хөөрч, Тайваний нийслэлд хүрэх төлөвлөгөөтэй байна.

 

"Би виз болон цаг уурын асуудлаас болоод Аляскад нэг сар саатлаа. Дараа нь ижил шалтгаанаар ОХУ-д бас нэг сар саатсан. Аяллаа Зул сарын баярын үеэр дуусгах төлөвлөгөөтэй байсан ч бүтэхгүй боллоо. Гэхдээ адал явдалтай сайхан аялж байна” гэж Зара ярьжээ.

Одоо тэр аяллаа нэгдүгээр сарын дундуур дуусгах зорилт тавьж байна.

Бас цар тахлын улмаас зарим улсын нутагт нэвтэрч чадалгүй, тусгаарлалтад байсаар буцаж байгаагаа тэр бас ярьсан юм.

Зара дэлхийг ганцаар тойрсон хамгийн залуу эмэгтэй нисгэгч болох зорилготойгоос гадна охид бүсгүйчүүдийг шинжлэх ухаан, технологийн (STEM) салбарт суралцаж, ажиллахад урам өгөх зорилготой аялж байгаа гэнэ.

2017 онд 30 настайдаа дэлхийг ганцаараа тойрсон Шаеста Уайсын дээд амжилтыг Зара эвдэхээр аялж байна. Эрэгтэйчүүдээс 2018 онд 18 настайдаа аялсан Мэсон Эндрюс дэлхийг ганцаараа тойрсон хамгийн залуу эрэгтэй нисгэгч болж байжээ.

Нисгэгч аав, ээжтэй Зара Рутерфорд ирэх онд их сургуульд элсэж, цаашдаа сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй юм байна.

 

Эх сурвалж: CNN