Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтийг айлгаж байгаа коронавирусийн шинэ хувилбар Омикрон анх бүртгэгдсэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ)-ын ерөнхийлөгч Сирил Рамафоза халдвар авсан тухай Ням гарагт албаны эх сурвалж мэдээлжээ.

“Өнөөдөр өглөө дэд ерөнхийлөгч агсан Де Клерктэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцсоныхоо дараа ерөнхийлөгчийн бие тавгүйрхэж эхэлсэн юм. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан ерөнхийлөгч одоо Кэйп Таун хотод тусгаарлагдаад байгаа ба дэд ерөнхийлөгч Дэвид Мабуза ирэх долоо хоногт түүний ажил үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Өмнөд Африкийн цагаан арьст цөөнхийн сүүлчийн засгийн газрыг тэргүүлж байсан Де Клеркийг өчигдөр оршуулсан юм. Энэ арга хэмжээнд оролцсон 69 настай ерөнхийлөгч Рамафоза амны хаалттай эмгэнэлийн үг хэлснийг орон нутгийн телевизүүд үзүүлж байжээ.

Ерөнхийлөгчийн биеэс халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч буйг албан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сүүлийн үед ӨАБНУ даяар өдөрт 20,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Омикрон хувилбар энэ удаагийн тархалтад гол нөлөө үзүүлж буй гэсэн дүгнэлт гараад байна. Гэхдээ шинэ хувилбараар халдварласан хүмүүсийн дотор хүндээр өвчлөх явдал ховор байгааг тус улсын мэргэжилтнүүд баталж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters