Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой Их Британи улс вакцинжуулалтын хурдаа нэмэгдүүлэхээр болов

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед коронавирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Их Британи улс онц байдлын түвшнээ ахиулжээ.

Тус улсад цар тахлын зэрэглэлийг таван түвшинд хуваадаг. Энэ оны зургаадугаар сараас хойш гуравдугаар түвшинд байсан зэрэглэлийг өчигдөр дөрөвдүгээр түвшин болгон ахиулжээ.

Ням гарагт Британид вирусийн Омикрон хувилбараар халдварласан 1,239 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 3,137 болгосон байна. Бямба гарагт нийтдээ 1,898 тохиолдолтой байснаас ийнхүү нэг хоногийн дотор 65 хувиар өссөн юм.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Омикрон хувилбарын томоохон давлагаа айсуй гэдэгт хэн ч эргэлзэх хэрэггүй. Ийм давлагаа ямар аюултайг бид бүгд өмнөх туршлагаасаа мэдэж байгаа” гэжээ.

Түүний хэлснээр Омикрон хувилбарын тархалт хоёроос гурав хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байгаа гэнэ.

Онц байдлын дөрөвдүгээр түвшин нь халдвар тархалт огцом нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ноцтой хэмжээнд хүрснийг илтгэдэг.

Британийн мэргэжилтнүүд вакцины хос тун Омикрон хувилбараас хамгаалж дийлэхгүй байгааг судалж тогтоосон юм. Харин Pfizer, Moderna вакцинуудын нэмэлт тун үр дүнтэй байгааг тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын засгийн газар 18-аас дээш насны иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж дуусгах хугацааг нэг сараар урагшлуулж байгааг өчигдөр зарласан байна.

Өмнөх төлөвлөгөөний дагуу ирэх оны нэгдүгээр сарын сүүлчээр хамруулж дуусгах зорилготой байсан бол одоо энэ сард багтааж дуусгахаар болжээ.

Үүнтэй холбоотойгоор Британи даяар дархлаажуулалтын цэгүүдийн тоог нэмэгдүүлж, долоо хоногийн долоон өдөр амралтгүй ажиллуулахаар болсныг Борис Жонсон мэдэгдсэн байна.

Коронавирусийн цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн дэлхийн улсуудын нэг Их Британи юм. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 146,000 гаруй хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас бараад байна. Одоо өдөрт дунджаар 50,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа.

Нийслэл Лондон хотод өдөрт шинээр илэрч буй халдварын бүх тохиолдлын гуравны нэг нь Омикрон хувилбар болсон байна.

 

Эх сурвалж: AFP