Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Санта Клаус байдаггүй гэж хүүхдүүдэд ярьсан хамба ламын өмнөөс Италийн сүм хийдийн захиргаа уучлалт гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Саяхан Италийн католик шашны нэгэн хамба лам өвлийн өвгөн буюу Санта Клаус гэж хүн байдаггүй тухай хэсэг хүүхдүүдэд ярьжээ.

Тодруулбал хамба лам Антонио Стаглиано саяхан болсон шашны арга хэмжээний үеэр Санта гэж байдаггүй, түүний улаан өнгийн хувцас бол Кока Кола компанийн сурталчилгаа гэж хүүхдүүдэд ярьсан юм байна.

Энэ явдлын дараа хүүхдүүдийн эцэг эхчүүдээс маш олон гомдол ирсэн тул Сицили арлын католик шашны сүм хийдүүдийн захиргаа олон нийтээс уучлалт гуйж, залруулга гаргажээ.

Уг залруулгад Санта Клаус буюу Гэгээн Николас нь бодит хүн бөгөөд Ромын эзэнт гүрний хавчлага дарамтын дор амьдарч байхдаа ядуу хүмүүст бэлэг тараадаг өгөөмөр нэгэн байсныг өгүүлсэн байна.

“Юуны өмнө би хүүхдүүдийг гомдоох зүйл ярьсан хамба ламын өмнөөс уучлалт гуйж байна. Хамба Стаглиано анхнаасаа ийм утга санаа илэрхийлэх зорилгогүй байсныг би баталж байна” гэж Сицилийн сүм хийдүүдийн захиргааны олон нийттэй харилцах албаны захирал Алессандро Паолино сошиал хуудсандаа бичжээ.

Санта Клаус өгөөмөр сэтгэлийн бэлгэдэл болж, хүүхдүүдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг байсан нь сүүлдээ арилжааны хэрэгсэл болж, хэт хэрэглээнд (консюмеризм) турхирагч болсныг хамба лам шүүмжлэхдээ хүүхдүүдэд буруу ойлголт төрүүлснийг тэр тайлбарласан байна.

Гэвч эцэг эхчүүд сүм хийдийн залруулгыг янз  бүрээр хүлээн авчээ. Зарим нь уучлал гуйсанд талархсан бол зарим нь цар тахлын хүнд үед сэтгэл санааны хямралтай байгаа хүүхдүүдийг улам хүнд байдалд оруулсан хамба ламын үйлдлийг засах боломжгүй зүйл хэмээн шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press