Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын иргэн нэг өдрийн дотор 10 удаа вакцин тариулаад баригджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакциныг нэг эрэгтэй өдрийн дотор 10 удаа тариулсан тохиолдол илэрснийг мөрдөн шалгаж байгаагаа Шинэ Зеландын албаныхан өчигдөр мэдээлжээ.

Тухайн эрэгтэй вакцин тариулахаас зайлсхийсэн хүмүүсийн өмнөөс мөнгө авч тариулсан нь тогтоогдсон байна. Шинэ Зеландын эрүүл мэндийн яам уг хэргийг нухацтай шалгаж, дахин ийм алдаа гаргахгүй байх шийдэл хайж байгааг тус яамны дархлаажуулалтын хөтөлбөрийн менежэр Астрид Корнеф хэвлэлд ярьжээ.

“Вакцины тунг хэтрүүлэх нь зөвхөн тухайн хүнийг төдийгүй гэр бүл, ойр дотнын хүмүүс, эрүүл мэндийн байгууллагыг ч эрсдэлд оруулж байна. Хэрвээ хэн нэгэн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү вакцин тариулсан талаар мэдэж байгаа бол яаралтай эмч мэргэжилтнүүдэд хандах шаардлагатай” гэж тэр иргэдэд анхааруулсан байна.

Хүн нэг өдрийн дотор коронавирусийн эсрэг вакцины 10 тунг тариулахад ямар эрсдэл үүсэх талаар мэдээлэл хомс байгааг Окландын Их Сургуулийн вакцинологич Хэлэн Петоусис-Харрис ярьжээ.

Шинэ Зеландын иргэд вакцинжуулалтад хамрагдахдаа биеийн байцаалт, бичиг баримт үзүүлдэггүйгээс ийм хэрэг гарсан байна.

Хэрвээ одооноос хамрагдах хүмүүсээс бичиг баримт шаардаж эхэлбэл вакцинжуулалтын явц удаашрах аюултай гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.

Ялангуяа орон гэргүй, байнгын оршин суух хаяггүй зэрэг эмзэг бүлгийн хүмүүсийн дархлаажуулалтад хамрагдах идэвх буурах магадлалтай гэнэ.

Шинэ Зеланд улсын 5 сая орчим хүн амын зорилтот бүлгийн  89 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа. Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад Covid-19 халдварын 12,500 орчим тохиолдол бүртгэгдэж, 46 хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Associated Press