Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгчийн хар тамхины дайныг сурвалжилж байсан сэтгүүлч буудуулж алагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн санаачилсан хар тамхины дайны талаар олон улсын агентлагт мэдээ бэлдэж өгч байсан сэтгүүлч буудуулж алагдсан тухай тус улсын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

"Манила Стандарт" сонины сэтгүүлч, 58 настай Есүс Малабананыг Лхагва гарагийн орой Самар мужийн Калбайог хотод дэлгүүрийн гадаа явж байхад нь мотоцикльтэй хоёр хүн буудаад зугтсан байна.

Толгойдоо буудуулсан сэтгүүлч эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Цагдаа нар гэмт этгээдүүд хэн болох, аллагын зорилго юу байсныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Малабанан нь 2018 оны Пулицерийн шагналыг хүртсэн Филиппиний хар тамхины дайны тухай Ройтерс агентлагийн цуврал сурвалжилгыг бэлтгэхэд гол туслалцаа үзүүлсэн хүн юм.

Тус улсын ерөнхийлөгч Родриго Дутерте хар тамхины эсрэг дайн зарлаж, олон мянган хүний амийг шүүлтээс гадуур хөнөөсөн гэгдэж байгаа.

Филиппин нь сэтгүүлчдэд хамгийн халтай дэлхийн улс орнуудын нэг юм.

Малабанан нь Дутертег ерөнхийлөгчөөр сонгогдсон 2016 оноос хойш алагдсан 22 дахь сэтгүүлч болж байгааг Филиппиний Сэтгүүлчдийн Үндэсний Холбоо мэдээлжээ.

2009 онд тус улсын нөлөө бүхий улс төрийн бүлэглэлийн гар хөл болсон хүмүүс өмнөд Магуйнданао мужийн Ампатуан хотод 58 хүний амийг нэг дор хөнөөсөн аймшигтай аллага гарч байв.

Хохирогсдын 32 нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байжээ. Филиппиний хөдөө орон нутагт хууль хэрэгждэггүй, галт зэвсгийн хяналт сул, улс төрийн бүлэглэлүүд хувийн зэвсэгт хүчинтэй байдаг.

2009 оны энэхүү эмгэнэлт явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг Филиппиний орчин үеийн түүхэнд гарсан  хамгийн том гэмт хэрэгт тооцдог. 2019 онд уг хэргийн гол буруутнуудад тус улсын шүүх ял оноосон ч ихэнх нь одоо болтол эрэн сурвалжлагдаж байна.

 

Эх сурвалж: Associated Press