Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн дараагийн төлөвлөгөө германчуудын анхаарлыг татаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ангела Меркелийн 16 жилийн засаглал саяхан өндөрлөж, Герман улс шинэ канцлертай болсон билээ.

Консерватив үзэлтэй төмөр хатагтайг Социал Демократ Олаф Шольц залгамжилсан юм.

Өндөр албан тушаалаас буугаад удаагүй Меркелийн амьдралын дараагийн төлөвлөгөө германчуудын анхаарлын төвд байна. Сэтгүүлчид канцлерын ажлаа өгсний дараа юу хийхийг нь асуухад Меркель “сайн унтаж, сайхан ном уншсаны дараа юу болохыг харцгаая” гэж хариулж байжээ.

Тэгвэл Германы компаниуд Меркелийн төлөвлөгөөний талаар таамаг дэвшүүлсэн сурталчилгааг цацаж эхэлсэн байна.

Тухайлбал IKEA компанийн Герман дахь салбараас Меркелийн зурагтай сурталчилгааны хуудас гаргажээ. Уг зурагт IKEA-гийн түшлэгтэй сандалд тухалсан Меркель “Надад дуурийн дуран аваад өгөөч, Олаф хэр шаргуу ажиллаж байгааг хармаар байна” гэж хэлж байгаагаар дүрсэлсэн байна.

IKEA компани түүнийг улс төрөөс тийм амархан холдохгүй, залгамжлагчаа хөндлөнгөөс ажигласаар байх болно гэсэн таамаг дэвшүүлсэн нь энэ юм.

Харин ажлын багаж нийлүүлэгч Toom компани Меркелийг цэцэрлэгжүүлэлтийн ажилд ханцуй шамлан орно гэж үзжээ.

Тус компаниас гаргасан зурагт хуудсанд ажлын бээлийтэй гараар “Меркелийн ромбо” гэдэг алдарт дохиог дүрсэлж үзүүлээд “Эцэст нь цэцэрлэгтээ санаа тавих цаг завтай боллоо” гэсэн тайлбар уясан байна.

Германы Аstra шар айргийн үйлдвэрлэгч бас Меркелийн ромбыг зурагт хуудсанд ашиглахдаа гарт нь лонхтой бүтээгдэхүүнээ бариулж, үдшийг сайхан өнгөрүүлэх ерөөлийг тайлбарт нь бичжээ. Олны анхаарлын төвөөс холдсон Меркелийг шар айраг хүртэж, эрх дураараа амьдарна гэж тус компани үзэж буй бололтой.

Эх сурвалж: Russia Today