Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09/ нэгдсэн хуралдаанаар Цахим засаглалын суурь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ.

Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тус, тус эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ.