Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Шилэн данс хөдөлгөөн" эвсэл төрийн байгууллагуудын төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргахаа мэдэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, эрдэс баялаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэж, "Шилэн дансны хөдөлгөөн" эвслийг байгуулж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Тус эвслээс

  • Улсын төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг хийх, батлагдах явцад иргэд болон иргэний нийгмийн оролцоог хангахыг шаардах
  • Төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулах
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дэргэд улсын төсвийн хяналтын сонсголыг хийдэг болохыг шаардаж, нөлөөлөх
  • Шилэн дансны хөтлөлт, ил тод байдалд тогтмол хяналт тавих
  • Төрийн байгууллагуудын төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргах
  • Баг хороо, аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд иргэдийн хяналтын шаталсан бүтцийг бүрдүүлэх зэрэг ажлыг хийх юм байна.

"Шилэн данс хөдөлгөөн" эвслийн төлөөлөл "Сүүлийн жилүүдэд манай улс авлигын түвшин 35-38 оноотой буюу авлигын эсрэг тэмцэл хийх сонирхолгүй, хөшингө, зогсонги байдалд орсон улсын тоонд багтаж байна.

Түүнчлэн нээлттэй төсвийн түншлэл олон улсын байгууллагаас хоёр жил тутамд төсвийн ил тод байдлын индексийг гаргадаг. Монгол Улс 2019 онд төсвийн ил тод байдлын индексээр 56 оноо авсан нь өмнөх үзүүлэлтээсээ 10 оноо бага авсныг илтгэнэ. Тэр дундаа төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо хангалтгүй гэдэгт 100 онооноос 15-ыг авчээ.

Сүүлийн жилүүдэд төсөв хаалттай, тендер авилгажиж байгааг та бид мэднэ. Ялангуяа цар тахлын үед улам хаалттай болоод байгаа. Үүний нэг жишээ нь 2022 оны төсвийн төлөвлөлтөд иргэдийн оролцоо байсангүй. Түүнчлэн төсөв батлагдаад сар шахам болж байсан батлагдсан хэлбэрийг олж үзэж чадахгүй байна. Мөн шилэн дансаа хөтлөхгүй байгаа эсвэл дутуу хөтөлж байгаа байгууллагад хүлээлгэх хариуцлага хангалтгүй байгаа" гэлээ.