Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баасан: АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн сард 500 мянган төгрөгийн урамшуулал авдаг болсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Авлигатай тэмцэх газраас “Авлигын эсрэг үндэсний чуулган 2021”-ийг өчигдөр зохион байгууллаа. Тус чуулганд шүүх, хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтнуудаас гадна  иргэний нийгмийн, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцсон юм. Энэ үеэр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасангаас үйл ажиллагааных нь талаар тодрууллаа.

-АТГ-ын Олон нийтийн зөвлөл ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Олон нийтийн зөвлөл нь Авлигын эсрэг хуулийн дагуу ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг томилоод, мөрдөж ажиллаж журмыг баталдаг. Энэ журам нь бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх бичиг баримт болдог.

Иргэд юу хүсдэг вэ гэхээр, авлигын гэмт хэргийг маш хурдан ичлээд, арга хэмжээ аваад, хөрөнгийг нь хураадаг байхыг хүсдэг. Харин Олон нийтийн зөвлөл энэ асуудал руу ордоггүй. Тодруулбал, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаанд оролцдоггүй.  

Бидний гол ажил бол АТГ хууль заасан үүргээ биелүүлж чадаж байна уу, ил тод байж чадаж байна уу, өөрсдөө авлигаас ангид байж чадаж байна уу, хараат бусаар ажиллаж байна уу гэдэгт олон нийтийн өмнөөс нүд, чих, дуу хоолой болох үүрэгтэй юм. Үүнээс гадна авлигын асуудалд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх тал руу илүү анхаарч ажилладаг.

Миний хувьд дөрөв дэх Олон нийтийн зөвлөлийн удирдаж ажиллаж байсан. Тэрхүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд авлигын хэрэгтэй холбоотой гомдлыг шалгах хугацааг тодорхой хэмжээгээр уртасгасан.

Мөн АТГ руу иргэд очихоосоо айдаг байсан. Мэдээлэл гаргасан иргэн өөрөө хэрэгт орчих гээд байдаг байсан. Бид иргэдийн айдас хүйдэсгүй болгож, иргэдийн оролцоо байх ёстой юм байна гэдэг ойлголтыг бий болгохыг зорьж ажилласан. Үүний үндсэн дээр авлигын хэргийн мэдээллийг өгдөг 110 гэдэг үнэ төлбөргүй дугаартай болгосон. Өмнө нь энэ дугаар үнэтэй байсан.

Гэсэн ч иргэд мэдээлэл гаргасныхаа төлөө ямар нэгэн дарамт шахалтад орох вий гэдэг болгоомжлол байдаг. Үүнээс хамгаалах эрх зүйн орчин алга. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль байдаг ч хэнийг гэрч, хохирогч гэх вэ гэдэг асуудлыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шийддэг. Үүнийг сайжруулж, шинэчлэх үүднээс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллаж байна. Тав дахь Олон нийтийн зөвлөл маань энэ хууль дээр нэлээд сууж, саналаа тусгасан. Энэ бол олон нийтийн оролцоог хангахад маш чухал хууль. Тиймээс бид нухацтай хандаж байгаа.

-Олон нийтийн зөвлөлийн чиг үүрэг нь Авлигатай тэмцэх газрыг хараад бусаар ажиллаж чадаж байгаа эсэхэд хяналт тавих гэж байна. Тэгвэл АТГ өнөөдөр хараат бусаар ажиллаж чадаж байна уу?

-Үүнийг их олон талаас нь дүгнэх хэрэгтэй байх. Шууд хараат бус ажиллаж чадахгүй байна, эсвэл хараат бус байж чадаж байна гэж хэлэхэд хэцүү.

2007-2017 он хүртэл жилд дунджаар 200 гомдол мэдээлэл ирдэг байсан. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өргөдлийн тоо 6.5 дахин өссөн байна. Авлигачдын хууль бусаар олсон хөрөнгийг улсын орлого болгосон байна. Энэ бол АТГ-ын ажил шат ахисныг харуулж байгаа хэрэг. 30-аад жил хуримтлагдсан авлигыг алга урвуулахын төдийд шийдэх боломжгүй юм. Тиймээс би АТГ-ыг чадлынхаа хэрээр ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэнэ. Хэрэв ажлаа явуулж чадахгүй бол цаг тухайд нь дуугарах үүргээ бид хүлээнэ.

-Иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах үүргийг Олон нийтийн зөвлөл хүлээдэг. Гэвч чуулганд оролцож буй судлаач “Иргэдийн соён гэгээрүүлэх ажил маш хангалтгүй түвшинд байна” гэж дүгнэсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-100 хувь санал нийлнэ. Соён гэгээрүүлж байж л бид нийгмээ сайхан болгоно. Гэвч соён гэгээрүүлэх ажил муу байгаа.

-Тэгэхээр Олон нийтийн зөвлөл ажлаа муу хийж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?

-АТГ таг хаалттай газар байсан. Соён гэгээрүүлэх ажил нь баахан ном л хэвлэдэг байсан. Иргэд соён гэгээрэх нь байтугай АТГ-т очихоос ч айдаг байсан. Олон нийтийн зөвлөл АТГ-ыг тодорхой хэмжээнд нээлттэй болгож, иргэдийн бичиг баримт, утсыг нь хурааж байж дотогш оруулдаг байсныг нь болиулсан. Үүнээс гадна хэн ч утсаар мэдээлэл өгөх боломжтой болгосон.

Эрхзүйн орчны олон талын оролцоо байж байж энэ асуудал шийдэгдэнэ. Бид өөрсдийгөө ажиллаж байгаа гэж хэлэхгүй. Соён гэгээрүүлэх ажлыг дөрөвхөн жилд хийж амжихгүй. Олон нийтийн зөвлөл муу ажилласан гэдэг нэр сонсохоос айхгүй байна. Бас сайн нэр зүүхийн төлөө зүтгэх шаардлагагүй. Нийгэм л сайхан болох ёстой.

-Олон нийтийн зөвлөл ямар төсөвтэй байдаг вэ?

-Бие даасан төсөв гэж байхгүй. Хуульд АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь орон тооны бус гэж явдаг. Дөрөв дэх олон нийтийн зөвлөл ямар ч цалингүй, улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэмцэх урамшуулал авдаг байсан.

Харин тав дахь Олон нийтийн зөвлөлийн хугацаанд гишүүдэд сар болгон 500 мянган төгрөгийн урамшуулал олгодог болсон. Энэ нь авлигатай тэмцэхэд нэг талаар эдийн засгийн дэвшил гарч байгаа хэрэг юм.