Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Байдены нэр дэвшүүлсэн казах эмэгтэйг сенаторууд коммунист байж болзошгүй хэмээн сэжиглэсний улмаас нэрээ татав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын банкны хяналт, зохицуулалтыг хариуцдаг томоохон агентлагийн албан тушаалд Казахстанд төрсөн Сауле Омаровагийн нэрийг дэвшүүлээд байсан юм.

Корнеллын Их Сургуулийн хуулийн профессор, 1991 онд АНУ-д цагаачилсан 55 настай Омарова өмнө нь ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны сангийн яаманд зөвлөхөөр ажиллаж байжээ.

Гэтэл Байдены нэр дэвшүүлсэн Омарова нэрээ татах болсноо өчигдөр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Сенатын Банкны Байнгын хорооны сонсголд суух үеэр нь Бүгд Найрамдах намын сенатор Жон Кеннеди түүний залуудаа коммунист байгууллагын гишүүн байсан, хуучин Зөвлөлт Холбоот Улсад суурь боловсрол олж авсан зэрэг баримтуудыг сөхөж, нэлээд ширүүн шүүмжилж байсан юм.

“Би таныг профессор гэж дуудах уу, эсвэл нөхөр гэж дуудах уу гэдгээ мэдэхгүй байна” гэж Кеннедийг хэлэхэд Омарова “Сенатор, би коммунист биш. Би энэ онолд итгэдэггүй. Би төрсөн газраа сонгох боломжгүй” хэмээн хариулж байв.

Сонсголын дараа Бүгд Найрамдах намын өөр нэг сенатор Марко Рубио “Сауле Омарова коммунист үзэл бодолтой хүн гэдгээ харууллаа. Манай мөнгөний бодлогыг коммунист удирдах ёсгүй” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Нэрээ татах тухай захидалдаа Омарова “Миний чадварт итгэсэн ерөнхийлөгч Байденд би гүнээ талархаж байна. Манай эх орны ирээдүй болсон дэвшилтэт, олон талын оролцоот нийгэм байгуулах түүний засаг захиргааны зорилтыг би үргэлжлүүлэн дэмжих болно. Харин одоо би ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зохимжгүй гэж үзэж байна” гэсэн байв.

Жо Байдены гаргасан мэдэгдэлд “Валютын Хяналтын Албаны тэргүүний албан тушаалд дэвшүүлсэн нэрээ татах Сауле Омаровагийн хүсэлтийг би хүлээн авч байна. Санхүүгийн системийн аюулгүй, эрүүл байдлыг тууштай хамгаалагчийнхаа хувьд Сауле манай чухал албан тушаалд томилогдсоноор улс орондоо үнэлж баршгүй хувь нэмэр оруулах хүн байсан юм. Харамсалтай нь нэр дэвшүүлэх хамгийн анхны шатнаас эхлээд Саулегийн эсрэг хэр хэмжээнээс хэтэрсэн хувийн дайралт довтолгоонууд гарах боллоо” гэжээ.

Хэрвээ Сауле Омарова дэмжигдсэн бол 1863 онд анх байгуулагдсан Валютын Хяналтын Албаны анхны эмэгтэй, анхны өнгөт арьстан, анхны цагаач тэргүүн болох байв.

 

Эх сурвалж: NBC News