Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Араб сэтгүүлчийн амийг хөнөөсөн алуурчдын нэг сэжигтнийг Франц улсад баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2018 онд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчдын нэг сэжигтнийг Парис хотын нисэх онгоцны буудлаас баривчилснаа Франц улсын эрх баригчид өчигдөр мэдэгджээ.

Сэжигтэн Парисаас Саудын нийслэл Рияад хот руу нисэх гэж байгаад баригдсан байна. Саудын Арабын эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг сэтгүүлч Жамал Хашоггийг 2018 оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь консулын газарт ирэхэд нь саатуулж, амийг нь зэрлэгээр хөнөөсөн юм.

Аллагын дараа сэтгүүлчийн цогцос олдоогүй. Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманы илгээсэн 15 хүнтэй алуурчдын баг энэхүү нууц ажиллагааг зохион байгуулсан гэж АНУ-ын тагнуулын алба дүгнэж байв.

Хэргийг шалгасан Туркийн хуулийн байгууллага аллагад оролцсон байж болзошгүй хэд хэдэн этгээдийг баривчлах зөвшөөрлийг 2019 онд гаргаж байжээ. Энэ зөвшөөрлийн дагуу Францын хууль хүчний байгууллагууд өчигдөр сэжигтэн Халед Аед Аль Отайбийг баривчилжээ.

Тэрбээр Саудын хааны ордны хамгаалалтын албанд ажилладаг нэгэн юм. Лхагва гарагт Парист болох шүүх хурлаар сэжигтнийг Туркийн талд шилжүүлэх шийдвэр гарах юм байна.

Өнгөрсөн онд Саудын Арабын шүүх аллагад оролцсон найман хүнд тус бүр долоогоос 20 жилийн хорих ял оноосон нь үнэндээ дэлхий нийтийн бухимдлыг намжаах зорилготой байв. Тус улсын эрх баригчид шийтгүүлсэн хүмүүсийн нэрсийг одоо болтол нууцалж байгаа.

Парис дахь Саудын Арабын элчин сайдын яам өчигдөр баривчлагдсан хүн Хашоггийн аллагатай ямар ч холбоогүйг мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өрнөдийн орнуудын удирдагчдаас анх удаа Хашоггийн аллагын дараа Саудын Арабд айлчилж, хунтайж Мохаммедтай нүүр тулж уулзсан юм.

Өчигдрийн баривчилгаа дээрх айлчлалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP