Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Испанид шинэ жилийн үдэшлэгт оролцсон 70 орчим эмч, сувилагч коронавирусийн халдвар авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн үдэшлэгт оролцсон нэг эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн 70 орчим эмч, сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэн тухай Испани улсын эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

Андалуза мужийн засаг захиргаанаас өгсөн мэдээллээр Малага хотын Их Сургуулийн Бүсийн Эмнэлгийн 68 ажилтан шинэ жилийн үдэшлэгт оролцсоныхоо дараа халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон юм байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болсон үдэшлэгт нийт 173 хүн оролцжээ. Испанийн эрүүл мэндийн яам халдварын эх үүсвэрийг олохоор ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

Үдэшлэгийн бүх зочид вакцины нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээ, эсвэл халдвар аваад эдгэрсэн баталгаагаа үзүүлж байж уг баярын арга хэмжээнд оролцсон гэнэ. Болсон явдалтай холбогдуулан Испани улсын ерөнхий сайд Педро Санчез шинэ жилийн баярын үеэр анхаарал болгоомжтой байж, хувийн хамгаалалтаа дээшлүүлэхийг ард иргэддээ уриалжээ.

Андалуза мужийн захиргаа хувийн болон төрийн өмчит бүх эмнэлгийн ажилтнуудад шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцохгүй байхыг зөвлөсөн байна. Халдвар авсан эмч, сувилагч нарын дотор хүндэрсэн тохиолдол гараагүйг бас мэдээлсэн юм.

Өчигдөр бас Испани улсын харьяанд байдаг Балеарын арлуудын нэгэнд коронавирусийн Омикрон хувилбарын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас саяхан буцаж ирсэн эрэгтэй гэр бүлийн хоёр гишүүндээ халдвар тараасан байна. Дөрөв дэх тохиолдол нь мөн ӨАБНУ-аас саяхан эх орондоо буцаж ирсэн хүн байжээ.

Ингэснээр Испани улсад бүртгэгдсэн Омикрон хувилбарын батлагдсан тохиолдол нийтдээ тав болж байна.


Эх сурвалж: Reuters