Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Байден, Путин нар Украины асуудлаар хоёр цаг ярилцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын виртуал уулзалт хоёр цагийн турш үргэлжилжээ.

Уулзалтын үеэр Жо Байден хэрвээ Украин руу довтолбол өрнөдийн орнууд хатуу хариу арга хэмжээ авахыг ОХУ-ын ерөнхийлөгчид анхааруулсан байна. Харин Владимир Путин хариуд нь NATO-гийн зэвсэгт хүчин Оросын хил хязгаар хүртэл тэлэхгүй байх баталгааг Цагаан ордны эзнээс шаарджээ.

Сүүлийн үед ОХУ зэр зэвсэг, цэргийн хүчээ Украины хилийн орчимд хуримтлуулах болсон нь Европ тивд шинэ дайн эхлэх эрсдэл үүсгээд байгаа.

Хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалт болзошгүй дайнаас урьдчилан сэргийлэх зорилготой байв. “Украины хилийн орчим Оросын хүч хуримтлагдаж байгаад АНУ болон түүний Европын холбоотнуудын санаа зовж байгааг ерөнхийлөгч Байден илэрхийллээ. Хэрвээ зэвсэгт түрэмгийлэл эхэлбэл эдийн засгийн хатуу хориг болон бусад арга хэмжээг авахаа ерөнхийлөгч тодорхой мэдэгдэв. Тэр бас Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийлээд дайсагналаас татгалзаж, дипломат яриа хэлэлцээнд шилжихийг уриаллаа” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Байден, Путин нар уулзалтын үеэр зөвшилцсөн зүйлсийг хэрэгжүүлэх тус тусын ажлын хэсгийг байгуулахаар тохиролцсон тухай Цагаан ордон бас мэдээлсэн байна.

“NATO-гийн дорно зүгт хийж буй түрэлтийг зогсоох, Оросын хөрш орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх хууль эрх зүйн баталгааг хүсэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч илэрхийллээ” гэж уулзалтын дараа Кремлийн ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

Жо Байден батлан хамгаалахын сайд, үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн хамт Цагаан ордны шуурхай хурлын өрөөнөөс виртуал уулзалтад оролцсон байна. Харин Владимир Путин тэнгисийн эргийн Сочи хот дахь амралтын өргөөндөө урт ширээний ард ганцаар сууж, уулзалтад оролцсоныг албаны гэрэл зураг харуулжээ.

 
 

Оросын тал Украин улсыг эзлэн түрэмгийлэхээр бэлдэж буй тухай яриа нь ямар ч үндэслэлгүйг Кремлийн тал мэдэгдэж байгаа.

Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Украины хилийн орчимд ОХУ-ын 100,000 гаруй цэрэг бөөгнөрөөд байгааг хиймэл дагуулаас авсан зураг дээр үндэслэн анхааруулсаар байгаа юм.

“Орос улсад аль нэг улс руу халдах ямар ч төлөвлөгөө байхгүй. Гэхдээ бидэнд өөрийн улаан шугам гэж бий” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм.

Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй ярилцахаар төлөвлөсөн байна.


Эх сурвалж: AFP