Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Истанбул, Сөүл, Энэтхэг, Дубайгаас ирсэн зорчигчдоос альфа болон дельта хувилбар илэрч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн Ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, ЭМЯ-ны шуурхай багийн ажлын явцтай танилцав.

Тэрбээр коронавирусийн шинэ мутаци болох Омикрон хувилбарын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шалгахын зэрэгцээгээр шинжилгээний хариуг удаахгүй гаргах, зорчигчдийг чирэгдүүлэхгүй байх, шинжилгээ авч байгаа эмч ажилтан нарын хүлээлгийн өрөөг тохижуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл нийт 16 нислэг ирсэн бөгөөд нийт 2,061 иргэнд тандалтын зорилгоор PCR  болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн.

Эдгээрээс зургаан сорьц нь эерэг илэрсэн бөгөөд хувилбарын тандалтын шинжилгээгээр нэг альфа, таван дельта байна. Бид хувилбарын тандалтыг NGS машин болон PCR  шинжилгээгээр хийж байгаа. Нислэг бүрээр нь сэжигтэй тохиолдлуудыг тандаж бүртгэж байгаа.

Хувилбарын тандалт хийхэд том дата нийлүүлж био информатикийн ажил хийдэг учраас долоо хоногийн хугацаа орж байна.

Ер нь Истанбул, Сөүл, Энэтхэг, Дубайгаас ирсэн зорчигчдын дундаас ихэвчлэн эерэг тохиолдлууд илэрч байна.

Бид ирж гаднаас ирж байгаа бүх зорчигчоос түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч буй. Мөн хүн бүрийн мэдээллийг аван гарын үсэг зуруулж, гэртээ байх тусгаарлалтын талаар зөвлөгөө мэдээллийг өгөн ажиллаж байна. Иргэдийг гэртээ байх хугацаанд нь дөрөв дэх хоногт нь тогтмол PCR  шинжилгээ авч байгаа.

Харин Омикрон хувилбар бүртгэгдсэн улсаас ирж байгаа иргэдийг шууд тусгаарлах байранд тусгаарлаж байна.

200-аас дээш хүнтэй нислэг дээр 10 цэгт зэрэг шинжилгээ, тандалтын ажил зохион байгуулж буй бол 100 гаруй хүнтэй нислэгт 7-8 цэг ажиллуулж байгаа. Мөн Чингис хаан олон улсын нисэх буудал дээр эмч нарын амрах өрөөг гаргаж өгсөн. Эмч нар долоо хоногоор ээлж солигдон ажиллаж буй” хэмээн мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/100063860613942/videos/325731985761975